Хотын дарга Б.Пүрэвдагва зарим асуудалд тайлбар өглөө. Тэрбээр Туулын хурдны замын төсөл гацсан асуудал яригдаж байна. Хуулийн байгууллагын зүгээс ч шалгалт, хяналт явж байгаа. Би энэ талаар саяхан гурван удаа мэдээлэл авсан. Тодорхой гурван этгээдийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Бидний байр суурь анхнаасаа тодорхой байсан. Нэгэнт төсөвт 500 тэрбум төгрөг төсөвлөгдөж, шилжчихсэн байгаа бол үүнийг үр ашигтай зам болгож ашиглая гэсэн байр суурьтай байсан.
Туулын трассыг манай иргэд илт эсэргүүцсэн. Бид ай сав, ундны усны асуудлаа ингэж хөндөж болохгүй гэж үзэж байгаа. Тиймээс олон түвшний уулзвар, холбоос замууд, торлосон замын сүлжээг бий болгох, эсвэл баруун гарцыг хийх зэрэг хувилбаруудыг санал болгож байсан. Гэвч одоо хуулийн байгууллагын процесс явагдаж байгаа учраас хүлээлтийн байдалтай байна. Нөхцөл байдлыг эргээд харахад хүнд, хүнд асуудлууд ч харагдаж байгаа. Гэхдээ хуулийн байгууллага тодорхой дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Ерөнхийдөө гэрээний заалтын дагуу 78 орчим тэрбум төгрөгийн алданги бодогдох нөхцөл байдал үүссэн.
Бид Арбитрын асуудлыг ч ярьж байгаа. Хэрэв энэ гэрээнд асуудал байгаа бол Арбитраас айх зүйл байхгүй. Тиймээс хуулийн байгууллага энэ процессыг маш сайн тодруулж, цаашид алхахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Сэлбэ дэд төвтэй холбоотой асуудлаар мөн мэдээлэл өгсөн. 700 тэрбум төгрөг аль хэдийн гарчихсан байсан. Энэ мөнгө нь газар чөлөөлөлт болон дэд бүтцийн зардалд зарцуулагдах юм. Ер нь төр оролцож байгаа бол тухайн байр, орон сууцыг иргэдэд илүү хямд, иргэд рүүгээ чиглэсэн бүтээгдэхүүн болгон гаргах ёстой. Гэтэл энэ төсөл эсрэгээрээ явчихсан байна.
Хотын даргын хувьд газар чөлөөлж, гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах зорилготой бол би 100 хувь санал нэг байна. Би зорилгыг нь шүүмжлээгүй. Харин үүнийг ямар санхүүгийн схем, ямар модель ашиглаж хийх вэ, ямар эдийн засгийн үр өгөөж бий болох вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Өнөөдөр зах зээлийн үнэ метр квадрат нь 3.7-9 сая төгрөгийн хооронд байгаа бол төр оролцож байгаа учраас ядаж 3-3.5 сая төгрөгийн түвшинд хүргэж байж иргэд үр ашгийг нь хүртэх ёстой. Гэтэл энэ төслийн санхүүгийн модель эсрэгээрээ явчихсан. Тиймээс л асуудлыг ярьж байгаа юм. Энэ бол ямар нэгэн улс төржилт, хүнтэй холбогдсон асуудал биш.
Би чуулганы индэр дээрээс нэг ч хүний нэрийг хэлээгүй. Тухайн хүн өөрөө энэ асуудалд их уурлаад байх шиг байна. Миний хувьд ажил ярьж байгаа. Энэ бол Пүрэвдагвын ч мөнгө биш, өөр хэн нэгний ч мөнгө биш. Нийтийн, иргэдийн татварын мөнгө. Тиймээс нэг төгрөгийн зардал гаргаад таван төгрөгийн эдийн засаг, нийгмийн үнэ цэнийг бий болгох төсөл хийх ёстой. Түүнээс таван төгрөг гаргаад нэг төгрөгийн үнэ цэн авчрах зүйл байвал энэ алдаатай гэсэн үг. Тиймээс үүнийг засах ёстой. Одоо метр квадрат нь хэдээр худалдаалахаар төлөвлөж байгаа вэ гэвэл 5.5 сая төгрөгөөр зарж байж ямар нэгэн нэмэлт зардалгүйгээр энэ төслийг дуусгах тооцоололтой байгаа. Тэгэхээр төрөөс барьж байгаа барилга, орон сууц ийм үнээр борлогдохоор төлөвлөгдсөн нь алдаатай байна гэж би хэлээд байгаа юм. Зорилгыг нь буруутгаагүй. Санхүүгийн модель, схем нь алдаатай болсон байна. Тийм учраас нийслэл энэ ажлыг засаж, зөв модель рүү шилжүүлж, зөв тооцоолол хийж, нийгэм болон эдийн засгийн үр өгөөжтэй модельд шилжүүлэхээс өөр аргагүй. Үүнийг одоо засаж залруулах боломж бий юу гэвэл боломж байгаа.
Харин хэдий хэмжээний мөнгөөр, ямар өртгөөр өөрчлөх вэ гэдэг асуудлыг тусад нь ярих шаардлагатай. Энэ талаар дэлгэрэнгүй яривал 30-40 минутын асуудал болно. Мөн замын хажуу талын бордюруудыг дахин сольж эхэлсэн байна. Энэ асуудлыг хэн хэлж, ярьсан бэ гэдэг дээр ч анхаарах хэрэгтэй" гэлээ.
-
1 цаг 2 мин
-
2 цаг 18 мин
-
4 цаг 53 мин