2026 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говийн Ноён хутагтын түүх, өв соёл, шашин номын уламжлалыг олон нийтэд таниулан дэлгэрүүлэх зорилготой “Жийдаан богдын увидас” шүтээн уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Өвөрбаясгалант Хамарын хийдийн лам, шүтээн урлаач Т.Дэлгэрийн 30 гаруй жилийн судалгаа, 20 гаруй жилийн хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн энэхүү бүтээлүүд нь Жийдаан богдын ид шид, үйл явдал, түүх намтрыг уран дүрслэлээр илэрхийлсэн онцгой үнэ цэнтэй бүтээлүүд юм.
Жийдаан богд нь Ноён хутагтын өмнөх дүрүүдийн нэг бөгөөд говь нутгийн ард олондоо тусалж, нийтийн тусын тулд үйл хэргээ зориулж явсан түүхэн эрхэм дүр билээ. Мөн энэ үеэр “Жийдаан богдын увидас” зурагт номын нээлт болж, Говийн Ноён хутагтын музей болон Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олон хамтран зохион байгууллаа.
Өв соёл, түүх уламжлалаа судлан шинжилж, бүтээл туурвин, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг юм.
-
2026-11-05