Р.СЭДДОРЖ: Төр одоо л анхаарч, хууль батлахгүй бол УСНЫ ДАЙН МОНГОЛООС ЭХЛЭЖ мэднэ шүү...!!
Батхуяг
Ярилцлага
/
1 цаг 8 мин

Говийн бүсийн гишүүд УСНЫ ТУХАЙ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж, хэлэлцүүлэхээр болоод буй. Хууль санаачлагчдын төлөөлөл УИХ-ын гишүүд Р.СЭДДОРЖТОЙ цөөн хором ярилцлаа.

Говийн бүсийн гишүүд сэтгэл нэгдээд УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ өөрчлөх төслөө УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. 12 жилийн өмнө батлагдаад өнөөдөр ч хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа энэ хуульд яг ямар онцлог заалт өөрчлөлтөөр орж байгаа юм бэ?

Миний хувьд усны талаар 2004 оноос хойш усаа хайрлах, хамгаалах, гүний усыг уул уурхайд ашиглахыг хориглох, болиулахын төлөө тэмцэж, “УУГУУЛ ХӨДӨЛГӨӨН” гэгчийг байгуулж 22 жил идэвхтэй тэмцсэн иргэн гэдгээ ярилцлагын эхэнд онцлох нь зөв байх. Усны тухай хууль 2012 онд УИХ-аар батлагдсан. Энэ хугацаандаа 10 гаруй удаа өөрчлөлт орсон байна. 14 жилийн дараа нэмэлт өөрчлөлт оруулахаар говийн бүсийн гишүүд маань санаачилж, манлайлан оролцож байгаа нь энэ. Хуулийн төсөлд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, хомсдлоос урьдчилан сэргийлэх, усаар хангагдах эрхийг хамгаалах гээд яг амьдралаас урган гарсан заалтуудыг багтсан. Түүнээс гадна Монгол орны хэмжээнд усны тооллого явуулах, гадаргын усыг зөв, соёлтой ашиглах, усыг илүү үнэ цэнэтэй болгохыг зорьсон. Өнөөдөр иргэд нэг литр усыг хоёр төгрөгөөр авч байхад уул уурхайд түүнээс ч бага үнээр ашиглаж байна.

Хамгийн чухал нь уул уурхайн салбарт ашигладаг усыг үнэд хүргэх, эдийн засгийн ач холбогдолтой түүхий эд болгох гэж байгаа нь анхаарал татаж байна шүү?

Гүний усыг уул уурхайн салбарт ашиглахыг хориглоно гэсэн агуулга байхгүй. Ашиглаж болно, гэхдээ өндөр үнээр авч ашигла гэсэн санаа. Яг хууль хэлэлцэж, батлах үед ямар өөрчлөлт орохыг мэдэхгүй. Гүний уснаас илүү гадаргын усыг уул уурхайн салбарт ашигладаг болгох ёстой. Гадаргын усыг говийн төслүүдэд нэн тэргүүнд ашигладаг болчихвол гүний ус хамгаалагдана гэж үзсэн. Яг амьдрал дээр иргэд бензинээс ч үнэтэй ус хэрэглэж байна. 300 грамм савалгаатай ус 3700  төгрөг гээд боддоо.

Тэгэхээр ус бол ҮНЭ ЦЭНЭТЭЙ байхаас өөр аргагүй шүү дээ. Одоо л усаа зөв ашиглах хуультай болохгүй бол УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙН Монголоос, говиос эхлэж магадгүй шүү.

Хатуу боловч үнэн нь энэ. Манай говьд л гэхэд худаг, усаа булаацалдсан гэмт хэрэг сүүлийн жилүүдэд их гарч байна. Уснаас болж нэгнийхээ аминд хүрсэн, шархдуулсан, бусдын мал хөрөнгөд халдсан тохиолдол байдаг. Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй гэмт хэргийн жагсаалтын нэгдүгээр устай холбоотой маргаан, гэмт хэрэг бүртгэгддэг гээд бод. Тэгэхээр энэ байдал даамжрах юм бол дайн, үймээн ч үүсэх өндөр эрсдэлтэй. Арга үгүй шүү дээ. Хүний амин чухал хэрэгцээ болчихоод, ховордчихоод байна.

Асуудал ийм хурц байгаа юм чинь яг говийн бүсэд ийм ийм арга хэмжээг ингэж зохицуулна гэсэн бүлэг заалт орсон уу, хуульд?

Яг говийн бүсэд ингэнэ гэсэн заалт байхгүй. Гэхдээ ганцхан говийн бус нийт Монголчуудын асуудал болчихсон. Гадаргын болон гүний усны зохицуулалттай хэсэг нь говьд хамаарах байх

 За усны хууль ч батлагдах нь баараггүй. Түүнээс гадна нэг чухал төсөл яригддаг шүү дээ. Өнөөх олон гоё нэртэй УС ТАТАХ том төслүүд чинь яагаад гацчихав. Таны идэвх оролцоо уг нь чухал байсан сан?

Аан говийг усжуулах “ХЭРЛЭН ТООНО” төслийг лавлаад байх шиг байна. Энэ маш чухал ажил. Орхигдоогүй. Харин ч эрчимтэй явж байгаа. Үүнд анхаарч асуусанд баярлалаа. Монгол орны гадагшаа урсгалтай хоёр том мөрний усыг нуур үүсгэн хуримтлуулж байгаад тусгай сувгаар говь руу татаж, уул уурхай, олборлох салбарт ашиглая гэж байгаа шүү дээ. “Хэрлэн Тооно” төслийн техник эдийн засгийн үндэслэл дууссан. ТЭЗҮ хийлгэх мөнгийг “Оюутолгой” ХХК гаргасан. Нийт долоон тэрбум орчим төгрөгөөр “Мон-Хидро” гээд усны төслийн компани шалгарч, энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх ажлыг хийгээд дуусгасан.

Одоо ажил эхлүүлэх л үлдлэж. Яг бүтээн байгуулалтын ажилд хэд орчим төгрөг хэрэгтэй бол. Хэр урт хоолой татах билээ?

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас 809 км усны далд хоолойгоор секундэд 1900 литр ус татах тооцоотой ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Дэлгэрхаан сумаас Сайншанд, Сайншандаасаа Зүүнбаян, Тавантолгойн төмөр замыг дагуулсан далангаар дамжуулах юм. Энийг хийхэд ойролцоогоор 890 орчим сая долларын өртөгтэй, 10 жилд өртөгөө нөхөх ашигтай ийм төсөл.

Барилгын ажил, 809 км усны далд шугамаа хэзээнээс эхлүүлэх юм бэ?

Ирэх оноос байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэнэ. Тэрний дараа барилга угсралтын ажлын зураг төсөл гарах ёстой.

Бас л хугацаа орох нь ээ?

Зургийг нь гаргаад шууд бариад явчихаж болох ажил. Нэг их удахгүй байх. Ер нь бол дөрвөөс таван жил орчим барилгын ажил явагдана гэж тооцоолсон. Бидний зүгээс яаралтай шахаад ажиллахад хоёр жилийн дотор гялалзуулчихаж болно гэж бодож байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжчихвэл говийн усны асуудал шийдэгдчихнэ л гэсэн үг.

890 сая ам.доллар гэдэг чинь тийм ч бага мөнгө биш. Энэ төсөв хаанаас гарах юм бэ?

Мэдээж улс орны хувь заяатай холбоотой чухал төсөл учраас улсын төсвөөс л санхүүжилтийг нь шийдэх ёстой. Өмнөговь аймаг сүүлийн хоёр жил улсад 1 их наяд гаруй төгрөг, 2027 онд 1,5 их наядыг төвлөрлүүлэхээр болсон. Аймгаас улс руу өгч байгаа энэ мөнгөөрөө бид энэ усны төслөө шууд санхүүжүүлчихэж болно. Хэрэв ингэвэл хаа хаанаа амар. Улсад төвлөрүүлж байгаа төсвөөрөө Өмнөговьчууд хоёр жилийн дотор л улсынхаа, говийнхоо усны асуудлыг бүрэн шийдэж, томоохон уур уулрхайн төслүүдийг хөдөлгөх, ажлын байрыг бий болгох, хүн малын зоо тэнийх ийм ажлыг хийж болохоор байна.

Шар шороон шуурганы эсрэг Монгол төрөөс хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, аж үйлдвэрийн том төслүүдийг гол хөдөлгөгч хүч нь ус. Бидэнд боломж байна. Үүнийг зөв ашиглаад, зарцуулалтыг нь хянаад явчихвал удахгүй шүү дээ. Санхүүжилтийг нь ингээд шийдчихэж болно гэдгийг энэ ярилцлагаар дамжуулаад Ернөхий сайдад санал болгож байна.

Энэ шийдлээ ер нь шийдвэр гаргагчдад танилцуулсан уу, та?

Энэ 126 гишүүнтэй парламент нэг шийдэл гаргаж, хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна. Аль Ерөнхийлөгч, хэн гэдэг УИХ-ын дарга, аль намын Ерөнхий сайд  байхаас үл хамаарч Монгол улсын ирээдүйтэй холбоотой энэ төсөл явах ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, манлайлсан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд түүхэнд дурсагдах гавьяа нь энэ усны төсөл байх болно шүү. Чухал хэн нь манлайлж ажиллахыг л харъя.  Энэ төсөл бол хэн нэгэн улстөрч, гишүүний нэрийн хуудас байж болохгүй. Гүний усаар нүүрс угаадаг улс Дэлхийд ганцхан, тэр нь Монгол улс. Хамгийн хоцрогдсон арга хэрэглэж, гүний хамаг усаа барж байна. Энэ бол хамгийн буруу бодлого.

Говийнхон бол улсны төслөө л нэхэж байна уу..?

Ерөөсөө тэгж байна. Усны төслөө эхлүүлээд, хэрэгжүүлээд өг. Улаанбаатараас говь руу гардаг замаа 6 эгнээ болгоод өргөжүүлээд өг. Өөр та нараас гуйх зүйл алга. Бид нар хангалттай сайхан амьдарч байна гэж байгаа юм. Гүний усыг маань үлдээгээд өг. Энэ төсөл хэрэгжиж л байвал аль намын, хэн байх нь чухал биш. Эдийн засгаа солонгоруулж, ажлын байраа нэмэгдүүлье л гэж байвал энэ хоёрт анхаараад өгөөч гэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.