Цаст уулын цагаан арслан цаг нь болохоор шоргоолжинд бариулна гэж нэг хэлц бий. Энэ нь УИХ-д таван удаа сонгогдож, дөрвөн удаа сайд, гурван удаа байнгын хороо болон бүлгийн дарга гэх мэтээр дандаа ДАВХАР ДЭЭЛТЭЙ байсан Ховдын С.Бямбацогт “сахил хүртээд шал дордов” гэгчээр Г.Занданшатарын Засгийн газрыг түгжилдэж тараачихаад ичих ч үгүй УИХ-ын дарга болсон биш хахирган хавраар НҮЦГЭРЭХЭЭР болчихлоо, хөөрхий.
Учир нь УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга нь “АЛЬ НЭГ НАМЫН ДАРГА, НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ” гэсэн шаардлага тавьж, улмаар барьцаа ахиулан хууль болгохоор бойкотлон төрийн ажил гацааж, Н.Учралыг суудлаас нь буулгав. Үүнийгээ шинээр УИХ-ын хойморьт ШАВАР БУРХАН шиг залрасан С.БЯМБАЦОГТ дээр туршихаар болсон нь хамгийн хоржоонтой.
Дандаа дарга, сайд хийж томорч явсан С.Бямбацогт нам ч үгүй, бүлэг ч үгүй байх АН-ын ТУЛГАН ШААРДАЛТЫГ хүлээн зөвшөөрч ийнхүү үхэн хатан зүтгэсэн УИХ-ын даргын албан тушаалдаа залрав. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэж үгтэй. Дарга болохдоо долгинож, та нарын бүх шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэж АН-ын бүлэгт АМ АЛДЧИХААД дарга болонгуутаа “хэлснээсээ буцвал” ёстой эрийн жудаггүй, төрийн цадиггүй өчүүхэн улстөрч болж хувирна. Ам бол ам. С.Бямбацогт 2026-2028 оны 06 сар хүртэл ПАРЛАМЕНТЫГ ДАРГАЛАХДАА “нам ч үгүй”, улстөрийн карьер ч үгүй болж, НҮЦГЭРЭЭД БУУХ хувь тавилангийн урт замыг өөрөө сонгочихсон. Хамгийн адармаатай нь ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД хүч үзнэ дээ гэсэн түүний АДИЙН БОДЛЫГ АН-ынхан тас цохин хаяж байгаа нь ГАЙХАМШИГ юм. Ай хорвоо, Хүн нүцгэн ирээд нүцгэн буцдагийн адилаар ОЛОН ДАВХАР ДЭЭЛТЭЙ олон жил явсан Ховдын С.БЯМБАЦОГТ ийнхүү хаврын хавсаргатай үед хамаг давхар дээлээ тайлж “хатгаа авахын” наахнуур АЛХ НҮДЭЖ суухаар боллоо...
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 14 мин
-
Өчигдөр 16 цаг 01 мин
-
Өчигдөр 15 цаг 53 мин
-
Өчигдөр 15 цаг 44 мин
-
Өчигдөр 14 цаг 44 мин
-
2026-04-03
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 16 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин