
Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн /2026.06.12/ хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцэх 10 гаруй асуудлаар холбогдох байгууллагуудаас танилцуулга мэдээлэл сонсч, бүлгийн дарга Т.Батцогт, төлөөлөгч Б.Золтуяа, О.Зундуйдорж нар асуулт асууж, санал хэллээ.
Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцов.
Хуралдаанд “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон танилцуулав. Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээт жимс жимсгэний 97 хувь, хүнсний ногооны 63 хувийг импортоор хангаж, жил бүр 604.8 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Тиймээс нийслэлчүүдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагад үндэслэн төлөвлөгөөг боловсруулжээ.

“Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөө хэрэгжсэнээр жилд 131.8 мянган тонн хүнсний ногоо, 99.3 мянган тонн жимс, жимсгэнэ тариалж, 390 мянган тоннын багтаамжтай хүнсний агуулахын цогцолбор байгуулах зэргээр Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэнэ гэж үзсэн байна.
Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх хууль эрхзүйн зохицуулалт, төрөөс аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт, урамшууллын талаар тодруулав. Тэрбээр, хотыг тэлж хөгжүүлэх, эдийн засгийн боломж бололцоог нэмэгдүүлэхэд энэ төлөвлөгөө чухал гэдгийг онцолсон.
Нийслэлийн нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулсан. Төлөөлөгч Б.Золтуяа газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол, Гандан орчмын газрын чөлөөлөлт зэрэг асуудлаар асуулт асууж, тайлбар авав.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар хуульд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд жилд нэг удаа тодотгол хийхээр заасны дагуу хагас жилээр тодотгол хийхээр төслийг боловсруулсан. Гандан орчимд 5 га газрын 160 нэгж талбарт газар чөлөөлөлтийн ажил хийхээс 60 орчим нэгж талбарыг чөлөөлсөн гэв.
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дээрх асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.
Холбоотой мэдээ
-
1 цаг 14 мин
-
2026-06-10