Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Үйл явдал
/
2024-10-30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, хамтын ажиллагааг цаашид шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ялангуяа зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улс эрт дээр үеэс түүх, соёл, өв уламжлалын гүн гүнзгий хэлхээ холбоотой аж төрж ирсэн ахан дүүсийн харилцаатай эсгий туургатан ард түмэн гэдгийг онцоллоо.

Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Энэ удаагийн төрийн айлчлалаар Казахстан Улс нь Монгол Улсын  Төв Азийн бүс нутаг дахь нэн тэргүүний “Стратегийн түнш” орон болж буйд баяртай буйгаа илэрхийлж, энэ нь харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийг эхлүүлсэн онцгой чухал үйл явдал болж буйг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад айлчлахыг урьж, Казахстаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэр бээр  Монгол Улс нь оюун санааны болон соёлын нийтлэг үнэт зүйлс бүхий орон бөгөөд бүс нутаг дахь тус улсын чухал хөрш улс болохыг онцолж, цаашид ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.

Төрийн тэргүүн нар энэхүү төрийн айлчлалаар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн шинэ шатанд гаргаж буй нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх төдийгүй хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чухал түлхэц болж буйг онцлон тэмдэглэлээ.

Төрийн тэргүүн нар ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн өргөжүүлэх, түүний дотор хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо.

Худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлж, хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэн нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн, Казахстан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, цагаан будаа, үрийн буудай зэрэг бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохирлоо.

Айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны бизнесийн зөвлөлийн анхдугаар хурал болж, хоёр орны аж ахуйн нэгжийн олон төлөөлөл оролцон, Монгол, Казакстаны бизнесийн зөвлөл байгуулагдсан нь бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзэл өндөр байгаагийн тод илэрхийлэл болсныг төрийн тэргүүн нар санал нэгтэй тэмдэглэлээ.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, Монгол Улсын Зам тээврийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг сайшаав.

Энэ хүрээнд зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд тээвэр, логистикийн шинэ маршрут бий болгох, цаашид шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах зорилгоор Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлж, агаарын нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Хоёр орны хамтын ажиллагаанд аялал жуулчлалын салбар чухал байр суурь эзэлдэг учир аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар хил орчмын болон нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

Хоёр улсын төрийн тэргүүн соёл, боловсролын харилцаа нь хоёр орны иргэдийг холбох чухал гүүр гэдэгт санал нэгдлээ.

Энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа Монгол, Kазах судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх, хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр боллоо.

Талууд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Казахстан Улс нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувьд олон улсын судалгааны төвийн хүрээнд талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах, байр сууриа нэгтгэх, харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдлээ.

Хэлэлцээний дүнгээр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурав.

Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.