Сүүлийн 5 жилд 2125 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 275 ажилтан амь насаа алд
З.Батхуяг
Үйл явдал
/
11 цаг 48 мин

Эдийн засгийн идэвхжил, хөдөлмөрийн зах зээл өргөжихийн хэрээр эрсдэлтэй салбарт ажиллагсдын тоо 2035 он гэхэд 35 хувиар өсөх төлөвтэй байгаа ба өнөөгийн байдлаар эрсдэл өндөр салбар дахь аж ахуйн нэгж байгууллагуудын 99 хувь нь хөдөлмөрийн нөхцөлөө үнэлүүлдэггүй байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохоос гадна тэдний гэр бүл давхар хохирч мөн байгууллагын бүтээмж буурах цаашлаад улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Иймд салбарын хэмжээнд бодлогын дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлаа тодорхойлж, шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг танилцуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган” төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийт гээд бүх талт оролцоог хангаж, 900 орчим төлөөлөлтэйгөөр Төрийн ордонд чууллаа.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлсэн юм.

Өнөөдөр Монгол Улсад хөдөлмөрийн насны нийт хүн амын 20 гаруй хувь нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэ бол манай улсын хөдөлмөрийн насны 5 хүн тутмын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөр хангагдаж чадахгүй байгаагийн илрэл юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд 2125 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 275 ажилтан амь насаа алдсан нэн харамсалтай үзүүлэлт гарчээ. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд монгол хүний дундаж наслалтаас 8 жилээр богино насалж байгааг холбогдох байгууллагууд судлан тогтоожээ.

Тэрчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний эдийн засагт учруулсан хохирлын хэмжээг тооцвол жилд дунджаар 127.8 тэрбум төгрөгт хүрч байгаа юм. Ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаагүйгээс, санамсар болгоомжгүйгээс үргүй зарцуулсан энэ хөрөнгийг хүний хөгжилдөө, хүүхэд багачууддаа болон ахмадуудынхаа сайн сайхны төлөө зарцуулах боломж байсан юм.

Хөдөлмөр эрхэлж байгаа монгол хүн бүрийн амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэсэн бодлого үйл ажиллагааны үндсийг оновчтой тодорхойлж сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын тогтолцоог нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлттэй уялдуулан шинэчлэхэд энэ удаагийн чуулган бодит үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаж тус чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсээд Монгол хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эрүүл энх байх болтугай гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.126.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.