Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан Монгол улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, олон улсын донор, хандивлагч байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөө, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, харилцан санал солилцсон юм.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 24 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Улаанбаатарт нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь нь Улаанбаатарт төвлөрчээ. Мөн их дээд сургуулийн 96 хувь, Дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь нь үйлдвэрлэгдэж хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон.
Тиймээс энэ хэт төвлөрлийг задлах тэнцвэртэй хөгжлийн гарц бол БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО гэдгийг Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан онцоллоо. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Яап ван хиердэн “Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр бол Бүсчилсэн хөгжлийн бодлого юм. Энэхүү бодлогоор хэнийг ч орхигдуулахгүй байх нь маш чухал бөгөөд НҮБ-ын хувьд үүнд онцгой ач холбогдол өгч байгаа. Монгол Улсад асар их боломж байгааг харж байна. Монголчууд баялгаа ашиглахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгаж, хүн бүрт үр өгөөжийг нь хүртээх боломжтой. НҮБ Монгол улсын засгийн газартай хамтран таван жилийн хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулсан. Бидний хүсэж буй зүйл бол алслагдсан бүс нутгийн хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах явдал юм” гэлээ.
Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсүүдийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангаж, газар нутгийн онцлог, нөөц боломжид тулгуурласан хөгжлийн бодлого, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй.
Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлох, Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээх, Бүс, орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлэх, Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг олон давуу тал бий болох юм. Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилан, бүсүүдийг хөгжлийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Уузалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан “Бид бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ гадаад хамтын ажиллагааны уялдаа холбоог зайлшгүй эрчимжүүлэх хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлогод гадаадын хөрөнгө оруулалт, дэд бүтэц, төсөл хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэх томоохон зорилтууд багтсан. Тиймээс олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчдад бүсчилсэн хөгжлийн бодлогыг танилцуулж, ойлгуулах чухал юм” гэлээ.






Холбоотой мэдээ
-
19 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 50 мин
-
Уржигдар 13 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
2025-04-30
-
2025-04-29
-
Уржигдар 11 цаг 22 мин