ХУУЛЬ ЗӨРЧИЖ томилогдсон  ХЯНАЛТ, БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРҮҮДЭЭС хамгийн өндөр нь 14.3 саяын ЦАЛИН АВДАГ байжээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Өчигдөр 12 цаг 34 мин

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж томилсон “ХЯНАЛТ, БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР”-үүдийг цомхотгож, тэдгээрийн оронд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий ДЭД САЙДУУДЫГ томилсон. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан МАН, АН, ХҮН намын хамтарсан “Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ” гэрээний дагуу байгуулагдсан Засгийн газар төд удалгүй төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газруудад ХЯНАЛТ хариуцсан, БҮТЭЭМЖ хариуцсан менежерүүдийг томилсон билээ.

Эх сурвалжуудын яриагаар нийт 128 хяналт, бүтээмжийн менежер, зөвлөхүүдийг томилсон гэдгийг илтгэдэг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн албан тайлбараар бол 78 хүнийг дээрх орон тоонд ажилтай болгосон гэдэг. Энэ бол үнэн бодит тоо гэж УИХ-ын чуулганы индрээс мэдэгдсэн. Ажил хийхгүй, ямар ч бүтээмжгйү хүмүүсийг төрөөс чөлөөлөх ёстой гэв.  Баталгаатай үнэн гэвэл АН, МАН, ХҮН гурван намаас тус бүр 25 хүн төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад ямар нэг байдлаар МЕНЕЖЕРЭЭР очсон нь баттай. Тэдгээрийн цалин хангамж, өрөө тасалгаа, унаа машин гээд жилд 30 орчим тэрбум төгрөг зарцуулдаг болохыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР асуулгын цагаар АН-ын гишүүдэд албан ёсоор хариулсан.

Үндэсний Аудитын газраас “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт –үр дүн” сэдэвт нийцлийн аудитыг гаргажээ. Тус дүгнэлтэд нийтлэсэн баримтад хавсаргасан “Хууль тогтоомж зөрчиж хяналтын менежер болон бүтээмж хариуцсан менежерээр томилсон  жагсаалт” /хасвралт 2/-с үзвэл таван сайдын харьяаны 40 байгууллага буюу 40 төрийн өмчит үйлдвэрийн газар, компанид 42 хүнийг ХЯНАЛТ болон БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРЭЭР томилсон байна. Тэдгээрээс хамгийн бага цалинтай нь 1 сая 879 мянган төгрөгийн цалинтай байсан бол хамгийн өндөр нь 14 сая 300 мянган төгрөгийн цалин авдаг байжээ.

Хяналт болон бүтээмжийн менежер нэрээр төрд хамгийн өндөр цалинг ““Эрдэнэс Критикал Минералс”  ТӨҮГ  -ын бүтээмжийн менежер , хяналт хариуцсан менежер Б.ДАВААЦЭРЭН нар тус бүр 14 сая 300 мянган төгрөгийн цалин авдаг байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хяналтын менежер Ж.ПУНЦАГ 14 сая төгрөгийн цалин, бүтээмж болон бизнес хөгжлийн менежерүүд 12,5 сая төгрөгийн цалин авдаг. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хяналт хариуцсан менежер болон чанар бүтээмжийн менежер нь тус бүр 12 сая төгрөгийн цалин авдаг гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.