Б.МӨНХТАМИР: Оросын тал төмөр замын засвар хийж байгаа учраас БЕНЗИНЫ НИЙЛҮҮЛЭЛТ хоёр хоног саатсан
Батхуяг
Үйл явдал
/
51 мин

АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. 

-Ойрын өдрүүдэд үүсээд байгаа шатахууны оочер дараалал, үүнтэй холбоотой түгжрэлийн асуудлаар нэн яаралтай авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх үүднээс хэлэхэд, 2026 оны аравдугаар сарын захиалгаар зөвхөн ОХУ-аас бид 57 мянган тонн шатахуун захиалсан. Өнөөдрийн байдлаар энэ 57 мянган тонноос 45 орчим мянган тонн нь орж ирчихсэн байна. Нийт Монгол Улсын хилээр урд болон хойд хөршөөс орж ирж байгаа шатахууны нийлүүлэлт 60 мянган тоннд хүрээд байна.

Үндсэндээ эдгээр үзүүлэлтийг өмнөх жилүүдтэй харьцуулаад харахад муу үзүүлэлт биш. Өнгөрсөн амралтын өдрүүдээр вагон ачилт зогссонтой холбоотойгоор ийм нөхцөл байдал үүссэн. Та бүхэн нэг зүйлийг зөв ойлгоорой. ОХУ-д төмөр замын вагонд засвар гарсантай холбоотойгоор хоёр хоногийн хугацаанд ачилт зогссон. Үүнтэй холбоотойгоор бензиний хомсдолын шок олон нийтийн дунд үүсэж, энэ нь хиймлээр ачааллыг нэмэгдүүлж байна. Энэ асуудлаар хариуцлагатай мэдэгдэл хийхэд Монгол Улс бензинээр тасарч, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй. Тогтмол захиалга хийчихсэн, өдөр тутам вагон орж ирж байна. Өчигдөр, өнөөдрийн байдлаар нийт бараг 150 орчим вагон орж ирээд, түгээлтээ хийгээд явж байна. Шатахуун түгээх станцууд хэвийн түгээлт хийж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн хомсдолтой холбоотойгоор оочерын хэмжээ буурахгүй байна. Өчигдрийг уржигдартай харьцуулахад оочер бага зэрэг буурч байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны бие бүрэлдэхүүн, АМГТГ, Монополын эсрэг газар, НЗДТГ-ын байцаагч нар өнгөрсөн өдрүүдэд бүх шатахуун түгээх станцаар хяналт шалгалт хийж ажиллаж байна. Үндсэндээ шатахуун түгээх станцууд шатахуунаа хүлээн авч, тогтмол түгээж байгаа. Оочер харьцангуй багасаж байгаа ч бүрэн буураагүй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 264 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байгаагаас өнөөдрийн байдлаар 120 орчим станц шатахууныг хэвийн олгож эхэлж байна.

Өнөөдөр, урьд шөнийн байдлаар УБТЗ вагон таталтын ажлыг цаг тухайд нь маш шуурхай хийж байна. Та бүхэн бас ойлгох хэрэгтэй. Хойд Алтанбулаг, Сүхбаатар өртөөгөөр орж ирсэн шатахууны вагоныг бид 7-8 цагийн хугацаанд Улаанбаатарын Толгойт өртөө рүү татаж авч байна. Толгойт өртөөнөөс аж ахуйн нэгжүүдийн салаа зам руу сэлгэн ачилт хийж байна. Ингээд аж ахуйн нэгжүүдийн сав руу буулгаж, тэндээсээ авто цистернээр шатахуун түгээх станцуудад тогтмол түгээлт хийж байна. Өнөөдөр, маргааш орж ирэх ачилтууд хуваарийн дагуу явагдаж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ачигдсан шатахуун бүрэн орж ирсэн байна. Зөвхөн Ангарскаас нийт 76 вагон орж ирсэн.

Үүнээс гадна БНХАУ-аас орж ирэх 8000 тонн шатахууны эхний 3000 тонн нь өнөөдөр Эрээн-Замын-Үүд боомтоор орж ирж байна. Эхний ээлжийн 25 вагон, араас нь 20 вагон өнөө шөнөдөө орж ирэхээр байна. Ингээд харахад ойрын нэг, хоёр өдрийн хугацаанд шатахууны түгээлт хэвийн болж, бага хэмжээний нөөц бүрдэхээр байна.

Цаашлаад арваннэгдүгээр сарын захиалгууд ирэх долоо хоногоос хийгдэнэ. Арваннэгдүгээр сарын захиалгын хувьд Роснефть үйлдвэрээс аравдугаар сард 57 мянган тонн нийлүүлэхээр урьдчилсан мэдээ өгч байсан бол арваннэгдүгээр сард 70 мянган тонн буюу 69.5 мянган тонн нийлүүлэхээр урьдчилсан мэдээ ирж байна. Дээрээс нь БНХАУ-аас 8000 тонн, БНСУ-аас 12000 тонн, Казахстанаас 3000 тонн шатахуун эхний ээлжид орж ирэхээр захиалгууд баталгаажаад явж байна. Ингээд арваннэгдүгээр сард нийт 92 мянган тонны захиалгыг урьдчилсан байдлаар хийчихсэн байна. Хэвийн үед Монгол Улс сард 70-75 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Үндсэндээ арваннэгдүгээр сард 92 мянган тонны захиалга баталгаажна гэдэг нь хэвийн үеийн хэрэглээтэй харьцуулахад хангалттай хэмжээ юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.