Ж.БЯМБАСҮРЭН: Эх орноо амгаалах тангарагтай хилчдэд ШАТААЧИХЪЯ, хохироочихъё гэсэн атгаг санаа хэнд нь ч байхгүй
Батхуяг
Ярилцлага
/
53 мин

Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга бөгөөд хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.БЯМБАСҮРЭНТЭЙ Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймэр, тухайн бүсэд иргэд нэвтрэх зөвшөөрлийг хэн олгосон, түймэр гарахад хилчид хэрхэн оролцсон талаар цөөн хором ярилцлаа.

Дорнод Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр асаж, үлэмж хэмжээний хохирол үүслээ. Олон нийт болон засаг төрийнхний үзэж буйгаар “Мобиком” корпорацийн удирдлагуудыг тухайн бүс нутаг руу нэвтрэх зөвшөөрөл өгч оруулсан учраас хилийн цэргийн 0198 дугаар ангийн даргад хариуцлага тооц гэдэг шийдвэр гараад байна. Энэ шийдвэртэй та санал нийлэх үү?

Юун түрүүнд улс, эх орны маань дархан цаазат газарт ийм хохирол учирсан гүнээ харамсаж байна. Тухайн хэсэг бол Дорнод аймгийн Халхгол суман дахь хилийн цэргийн 0198-р ангийн хариуцсан хэсэгт хамаардаг газар. Хилийн нэлээд урт цэстэй. Зундаа намаг усанд боогддог, өвлийн улиралд цас их орвол цасанд боогдоод зарим заставтаа хүрч чаддаггүй. Хавар, намрын цагт түймэр байнга гардаг онцлогтой хэсэг. Энэ жил л гэхэд манай хилчид Дорнодын бүс нутаг орчимд гарсан 50 гаруй хээрийн түймэрт байгаа хүч, техник хэрэгслээ ашиглан, эх орон, ард түмнээ хамгаалахын тулд хамгийн түрүүнд оролцож, галыг унтраасан. Түймэр унтраахад даргаасаа цэрэг хүртэл бүгд гар нүцгэн очиж, нутгийн иргэд, өөр байгууллагуудтай ч хамтарч ажилладаг. Нөмрөгийн түймрийг унтраахад оролцсон. Харин бага дээр нь дарж чадсангүй.

Харамсалтай үйл явдал боллоо. Гэхдээ дархан цаазат газарт жуулчид, иргэд нэвтрэх эрхийг яг хэн олгодон юм бэ. Тэр зөвшөөрөл өгсөн хүн л гол буруутан болж хувираад байна шүү дээ?

Нэг зөвшөөрөл өгсөн үйлдлээс болоод хилийн хүнд нөхцөлд амь нас, аж амьдралаа золиод ажиллаж байгаа хилчдийг буруутгах өнгө аяс гараад байна. Ийм зүйлийг би ХХЕГ-ын даргын хувьд зөвшөөрөхгүй. Хилчид эх орноо, дархан хилээ хамгаалъя л гэж зорьдог болохоос шатаачихъя гэсэн өчүүхэн ч бодол байхгүй. Зарим хүмүүс зохион байгуулалттайгаар хилчдийн буруу гэж ярьж, бичиж байна. Миний удирдаж буй албан хаагчид буруу өгөхгүй байхыг хүсье. Алдаа мадаг байвал бид засаад явна. Хуулийн байгууллага нь шалгаж байгаа. Үнэхээр буруу байна гэвэл би хариуцлага хүлээхэд бэлэн. Хамгийн шилдэг, тухайн газар орноо гарын хуруу шигээ мэддэг алба хаагчаа би шууд буруутгаад ажлаас нь чөлөөлж хэрхэвч чадахгүй. Түүнийг өөр ажилд шилжүүлэн томилно.

“Мобиком”-ийн төлөөлөгчид Сүмбэр боомтод шилэн кабель холбож, интернэттэй болгох ажил хийх зорилгоор Хилийн боомтын захиргаанд хандаж, тэндээс анхны хүсэлт ирсэн юм билээ. Дархан цаазат газрын захиргааны дарга Соёлз уул чиглэлд ажилтай, эзэнгүй таарсан. Ингээд тухайн хилийн отръядын дарга, ангийн захирагч өөрийн эрх хэмжээний хүрээнд нэвтрэх зөвшөөрөл олгосон. Аль ч хэсэгт иргэн очсон ийм шугамаар зөвшөөрөл өгөөд нэвтрүүлдэг. Нөмрөгт гарсан асуудалд ангийн захирагч нь зөвшөөрөл өгсөн. Аюулгүй, анхаарал болгоомжтой зорчихыг сануулж, мэдэгдсэн. Тэр хүмүүс сүлжээгээ шалгах, Нөмрөгийн заставт очих, цаашлаад дархан цаазат газарт очиж үзэх хүсэлт гаргасан юм билээ. Хэдийгээр албан ажлаар явсан ч гэсэн тэд чинь түүхэн дурсгалт газартай танилцахаар ирсэн аялагчид. Бид аялагчдад эх орныхоо түүхэн дурсгалт, дархан цаазат газрыг үзүүлэхгүй байх эрхгүй.

Хил хамгаалах байгууллагын дарга та, эсвэл хилийн цэргийн штабын дарга нь ямар зөвшөөрөл өгдөг юм бэ?

Зөвхөн ашигт малтмалын чиглэл, үйлдвэрлэл, хилтэй холбоотой томоохон асуудлыг хянан шалгасны үндсэн дээр холбогдох байгууллагууд зөвшөөрөл олгодог журамтай. Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга зөвшөөрөл огт өгдөггүй.

Яг тэр Нөмрөг орчим, Сүмбэрийн заставд өндөр хурдны интернэт, шилэн кабель холбох шаардлага байсан уу?

Шилэн кабелийн систем хилийн заставуудад зайлшгүй шаардлагатай. Тэнд чинь машин техникийн хөл хөдөлгөөн ихтэй учраас хянаж шалгах, мэдээлэл дамжуулахаас өгсүүлээд хилчид маань ар гэртэйгээ холбогдох гээд хүний суурь эрхийг хангах зайлшгүй шаардлагатай.

Нөмрөгт гарсан гал хил даваад урд хөрш рүү орсон. Мэдээллийн сувгуудаас харахад Япон улсын тал БНХАУ-аас ч бас уучлал гуйж, хохирол барагдуулах ёстой гэсэн агуулгатай мэдээ их байна. Гал гарсан даруйд та урд хөрш рүү холбогдож мэдэгдсэн үү?

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд түймрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байдаг. Энэ хэлэлцээрийн хүрээнд хилийн зурвасын ойролцоо аль нэг улсад нь гал гарвал, тодорхой чиглэлд харилцан нэвтэрч, түймрийг унтраах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Нөмрөг орчимд гал гарсан тухай мэдээллийг бид БНХАУ-д өгсөн. Энэ дагуу урд хөрш түймэр унтраахад оролцсон. Гурван чиглэлд түймэр хил давсан. Манай талаас очих боломжгүй таван бусэд БНХАУ-ын тал нэвтэрч түймрийг унтраасан.

Түрүүн та манай хилчид гал түймрийн 50 орчим аюултай тулгарсан гэлээ. Хилчид гал түймэр унтраах ёстой юм уу?

Тухайн бүс нутагт хээрийн болон ойн түймэр гарах нь элбэг. Хилчид зөвхөн эх орноо манах, хил дээр л зогсохгүй шүү дээ. Түймэр, шуурга, цас зуд, үер ус, байгалийн бүхий л гамшигт гар бие оролцож, эх орон, ард түмэн, эд хогшилийг хамгаалах л ёстой. Тэрнээс биш ганцхан буу үүрээд, хилийн багана эргээд байдаг юм биш. Нүүр тулж болох бүх зүйлд манай цэргүүд, хилчид нүүр тулж, сорилт бартаа саадыг ажрахгүй давж, ард түмнээ хамгаалдаг. Энэ бол эх оронч үзлийн л нэг илрэл.

Гар нүцгэн гал түймэртэй тэмцэнэ гэхээр хилчид түлэгдэж шархдах, улмаар амь насаа алдах ч эрсдэлтэй шүү дээ?

Манаж буй эх орноо галаас аврах гэж, элгэн садан иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө галд өртөж, биеийнхээ ихэнх хэсгийг түлсэн, амь насаа өргөсөн хилчид цөөнгүй. Харамсалтай үйл явдал тохиолдоно шүү дээ.

Тэгвэл гал түймэр ир гардаг тэр бүс нутгийн цэргийн ангиудад гал унтраах, арвах анги, нэгж байдаг уу?

Үгүй. Манай цэргүүд л гар нүцгэн гал түймэр рүү ордог гээд бод. Эх орноо л хамгаалж байвал амь эрсэдсэн ч хамаагүй гэсэн тангарагаараа л хамгаалдаг. Зориулалтын бус техник хэрэгсэлтэй.

Энэ байгууллагын удирдлагын хувьд та ОБЕГ,  Улсын онцгой комисс, Ерөнхий сайдтай уулзаж зүүн бүсэд хилийн цэргийн ангийг түшиглэсэн хээрийн аврах тусгай ангитай болох санаачилга гаргавал ямар вэ?

Бидний үндсэн үүрэг хил хамгаалах. Ийм зориулалтын л техник хэрэгсэл бий. Гамшигт оролцсон тухайн үеийн гарсан бүх зардал, биензин тос, техник хэрэгсэл, хүн хүчний тоогоо тухай бүрд нь УОК болон ОБЕГ-ын удирдлагуудад мэдэгддэг. Манай хилчид үндсэндээ хээрийн гал түймэр унтраах давхар үүрэг хүлээж байгаа учраас яаралтэй үед ашиглах техник хэрэгсэл, хувцас хангамж, зориулалтын эд зүйлсээр хангаж өг гэдэг хүсэлтээ гаргаж, удаа дараа танилцуулсан.

Нааштай шийд гарах нь уу?

Ойлголцоод л явж байгаа. Нааштай шийдэгдчих байх гээд хүлээж байна.

Хилчид амь эрсэдлээ л гэдэг, алга боллоо л гэх. Гадны хил зөрчигчийг илрүүллээ, осгосон, төөрсөн хүн, малыг оллоо, тусаллаа  гээд сайн, саар мэдээлэл их гарах юм. Яг нөхцөл байдал ямар байна?

Хамгийн чухал нь манай улс хоёр хөрштэйгөө хилийн ямар нэг маргаан байхгүй, тайван улс. Хилийн алба гэдэг чинь байнгын хөдөлгөөнтэй, өндөр анхаарал сэрэмж шаарддаг, өндөр хариуцлагатай,  их эрсдэлтэй алба. Сайн, муу мэдээ шил дараад л гардаг. Гэхдээ сайн мэдээ нь түгээмэл. Салхига хариуцлага, ёс зүйтэй холбоотой зөрчил мэр сэр гардаг.

Орчин үед бүх зүйл цахимд шилжиж, хүний оролцоог багасгаж байна. Энэ шилжилт хил хамгаалах албанд ямархан байна. Алсын удирдлага, дрон хөөргөх, камержуулалт гээд техникийн шийдэл ашигладаг уу?

Монгол улсын хил өргөн уудам учраас бүх цэгт хүрч ажиллахад бас ч амаргүй. Тийм учраас орчин үеийн техникийн шийдлийг үйл ажиллагаандаа ашиглаад эхэлсэн. Радио релейны бие даасан сүлжээ, дроны хяналт, камержуулалт зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Би удирдах газрынхаа удирдлагын төвөөс хилийн застав, хилийн манааг дүрсээр нь бүрэн харж, хилийн бүх боомтуудын штамб дардаг шалгагчийг тэр удирдлагын төвөөөс хянадаг. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ төхөөрөмжүүдийг аль болох нь ашиглахыг хичээдэг.

Ашгүй дээ. Хилчдэд ч, та нарт ч амар болж байгаа юм байна. Харин уул хад, бартаа саад давах шаардлага их учраас машин техникийн хүрэлцээ нь хэр юм бол?

Наадах чинь их чухал асуулт байна. Хил бол байнгын хөдөлгөөнтэй цэг. Тийм учраас унаа тэрэг, машин техник дутагдалтай. Ер нь нэг парк шинэчлэл хийхгүй бол олон жил явсан машинууд эхнээсээ ашиглалтаас гарч байна. Засаж сэлбээд, монголчилж унасаар байгаад бүүр элэгдсэн шүү. Жил болгоны төсөвт техникийн шинэчлэлийн зардал гэж суулгадаг. Бага багаар нь шинэчилж л байна.

Танд баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.