Сурвалжилга: Сургуульдаа багтахгүй анги нь хорооныхоо иргэний танхимд ХИЧЭЭЛЛЭЖ байна
З.Батхуяг
Тойрогт нь
/
2020-01-22

Нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг Сонгинохайрхан дүүргийн шинэ хороодод ажиллаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг хувааж, шинээр 11 хороо байгуулсан бөгөөд эдгээр хороод 8-р сарын 2-ноос эхлээд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж эхэлсэн билээ.Тэгвэл энэ хорооны хүүхдүүдэд хичээллэх анги танхим хүрэлцэхгүй байгаа улмаас хорооны байрны доод давхрын Иргэний танхимд хичээллэж байна.

 

Энэ талаар тус хорооны Засаг дарга Б.Соёл-Эрдэнэ:

“Манай хороонд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу. 3000 гаруй хүүхэд сурдаг ганц сургуультай. Гурван ээлжээр хичээллэдэг байсан. Сургуулийг гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсоол зорилгоор хоёр ээлжтэй болгосон. Ингэсхийн тулд хорооны хэмжээнд ашиглаж болохуйц байр, орон сууцанд шинээр анги танхим нээж байгаа. Энэ хүрээнд хорооныхоо байрны доод давхрын иргэний танхимын уулзалт, сургалтын заалыг хичээлийн танхим болгон түр ашиглаж байна. 26-р хороо болон дөрөвдүгээр хороодод баригдаж байгаа шинэ сургуулиуд ашиглалтад орохоор харьяаллын хүүхдүүдийг нь шилжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Үүний дараа бид хорооны барилгын доод давхарын иргэний танхимд орлоо. Уг зааланд 65 дугаар сургуулийн 4и анги хичээллэж байв. Ангийн хүүхдүүд амраад хичээлдээ орсон ч бүрэн ирцтэй гэв. Анги даасан багш нь жирэмсний амралтаа авсан тул түүнийг Монгол хэл, Уран зохиолын багш нь орлож байна. Тус ангид хичээл орж буй Д.Ундрахбаяр багштай цөөн хором ярилцлаа. Тэрбээр боловсролын салбарт 40 жил ажиллаж байгаа туршлагатай, ахмад багш нарын нэг аж. Тус танхимд 30 хүүхэд сурч байна.

 

Танайхаас өмнө нь өөр анги энэ танхимд хичээлэж байсан уу?

Өмнө нь 3г, 3ж бүлгүүд хичээллэж байсан. Өнөөдрөөс эхлээд манай анги орж байна. Анги хүрэхгүй байгаа учраас байгаа боломжит талбайгаа ашиглаад энд хичээллэж байна.

Энд хэр удаан хичээллэх вэ?

Сайн мэдэхгүй байна. 26-р хорооны суругуль удахгүй ашиглалтад орно гэсэн. Тэгэхээр л тиймээ орно доо.

Стандартын бус байранд хичээллэж байна. Хүндрэлтэй зүйл байна уу?

Одоохондоо алга. Хүйтэн байж магадгүй гэж бодсон. Харин сайхан дулаахан байна. Хүүхдүүд маань тав, тухтай зөв, чөлөөтэй сууж байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.186.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.