Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15557-д хүрээд байна. Үүнээс 12416 тохиолдол нийслэлд, 3136 тохиолдол орон нутагт бүртгэгджээ.
Улаанбурхан өвчний улмаас нийт 22 хүн эндсэн бөгөөд сүүлийн хоногт шинээр нас баралт бүртгэгдээгүй байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр шинэ тохиолдол батлагдсан бөгөөд нэг нь Улаанбаатар хотод, нөгөө нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор улаанбурхан өвчний улмаас таван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэдний гурав нь нийслэлд, хоёр нь орон нутагт эмчилгээ хийлгэж байна. Нийслэлд эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал дунд зэрэг байгаа бол орон нутагт эмчлүүлж буй хоёр өвчтөний нэг нь хөнгөн, нөгөө нь хүнд хэлбэрийн оноштой байна. Гэрээр эмчлүүлж буй тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.
Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхны дунд өвчлөл хамгийн өндөр байгаа бөгөөд энэ насны 5507 тохиолдол бүртгэгджээ. Харин 0-4 насанд 3945, 5-9 насанд 2034, 15-19 насанд 1874 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Үүнээс харахад улаанбурхан өвчний тархалт хүүхэд, өсвөр насныхны дунд илүү өндөр хэвээр байна.
Улаанбурхан өвчний үед халуурах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, нүүрнээс эхэлж бүх биед тархах тууралт гарах, нүд улайж үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Мэргэжлийн байгууллагаас дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дур мэдэн эмчлэхгүйгээр яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй боловч вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм. Иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан талаарх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан цахим бүртгэлд шинэчлүүлэх боломжтой. Вакцинд хамрагдаагүй болон хоцорсон иргэд дархлаажуулалтад хамрагдаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг зөвлөж байна.

-
2 цаг 41 мин
-
5 цаг 35 мин
-
22 цаг 30 мин
-
2026-07-20
-
Уржигдар 17 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин