Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна

Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр “Ногоон орон сууц төсөл”-ийг нийслэлээс хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвд гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх, хамрагдаж буй өрхүүдийн судалгаа, санал асуулгыг цуглуулах, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх зориулалт бүхий төв Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 35 дугаар сургуулийн баруун талд “Лили” /Жасмин/ төвийн хоёр давхарт өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр тус байршилд ажиллав.

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талбарт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 2206 нэгж талбар өртөж байгаагаас 1203 өрх санал асуулгад оролцож, 96 хувь нь тус төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Одоогоор иргэд, айл өрхүүдээс нийгэм, эдийн засгийн судалгааг авч, газар болон хөрөнгийн үнэлгээг гаргах ажлууд үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн дагуу энэ сарын 6-нд Засгийн газрын тогтоолоор Газар чөлөөлөлтийн журам батлагдсан. Нийслэлийн зүгээс энэ онд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тодруулбал, Зургаан буудал орчимд 28 МВт-н дулааны цахилгаан станцыг байгуулж, дэд бүтцийг шийдсэн тул 158 га газрыг чөлөөлөн, орчин үеийн жишигт нийсэн 12 мянган айлын орон сууц, худалдаа үйлчилгээ, төрийн байгууллага, нийгмийн байгууламжуудыг стандартын дагуу байгуулах цогц бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Бид газар чөлөөлөлт хийхдээ иргэдтэй зөвшилцөн, газрыг газраар, орон сууцаар, бэлэн мөнгөөр солих нөхцөлийг тавьж буй. Сүүлийн арван жилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 11 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна. Учир нь газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн ажилд төрийн оролцоо бага байсан. Төрийн зүгээс дахин төлөвлөлт хийх байршлыг нь зааж өгөөд, төсөл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд даатгаад үлдээчихдэг байсан. Барилгын компаниуд өөрсдөө иргэдтэй тохиролцож, хэлэлцээр хийдэг байснаас үүдэн төлөвлөлтийн хувьд хяналтгүй явж, хувийн компани болон иргэдийн дунд үнэлгээн дээрээ тохиролцоогүй, хугацаа нь хойшилдог зэрэг асуудал үүсэж, эцэст нь иргэд хохироод үлддэг байсан. Энэ бүх алдааг давтахгүйн тулд төрийн оролцоог нэмэгдүүлж, төлөвлөлт, хяналтыг нь цогц байдлаар хийнэ.

Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхдээ 60 хувьд нь барилга байгууламж, 40 хувьд нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай байгуулахаар төлөвлөж буй. Уг төслийг жишиг болгон хэрэгжүүлснээр бусад дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх юм. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр:

-Иргэдэд ойр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-иас нийт 32 албан хаагч Сэлбэ дэд төвд байрлан ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас иргэдээс санал асуулга, нийгэм, эдийн засгийн судалгаа авч эхэлсэн. Иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх үүднээс өнгөрсөн долоо хоногт айл бүрд очин, тодорхой мэдээллүүдийг хүргэхийн зэрэгцээ хорооноос албан ёсны мэдээлэл гаргах, цахим орчинд мэдээлэл түгээх, аман байдлаар зар тараах зэрэг олон сувгаар ажиллаж байна. Санал асуулгын явц 56 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тендерт шалгарсан, мэргэжлийн, хөндлөнгийн хараат бус хоёр компани иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 300 орчим айлын хөрөнгийн үнэлгээ, тооллого, бүртгэлийг хийгээд байна хэмээлээ.

Ташрамд, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн хүрээнд 10 сургууль, 12 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаагаар Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулснаар тухайн орчмын авто замын түгжрэл 36.3 хувь, агаарын бохирдол 22 хувиар буурч, 2040 он гэхэд 25,295 ажлын байр бий болох тооцоо гарсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.239.91.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.57.93.64) 2024-03-31 16:47:50
1111