Монголчуудын шүтээн Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг түүхчид өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоож, Төрийн тэргүүний зарлигаар жил бүр тэмдэглэсээр 14 жил өнгөрчээ. Энэ өдрийг ямар үндэслэлээр тогтоосон, их хааны алтан хөшөө болон түүний нэрэмжит музейн үйл ажиллагааны талаар "Чингис хаан" үндэсний музейн захирал, ШУА-ийн академич, түүхч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Чулуунтай Монгол бахархлын өдрийн босгон дээр ярилцлаа.
Мэндэлсэн өдрийг хэрхэн тогтоосон бэ
Та Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоосон эрдэмтдийн нэг. Ямар эх сурвалж, баримтыг үндэслэсэн бэ?
2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар Шинжлэх ухааны академид чиглэл өгсөн. Ингээд Чингис хааны талаар судалдаг нэртэй эрдэмтдийн баг бүрдсэн. Багт академич Бира, академич Цэрэнсодном, Хөдөлмөрийн баатар Ш.Чоймаа багш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан А.Очир гуай болон хэд хэдэн зохиолч багтсан. Ажлын хэсгийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнд төвлөрүүлж, саналыг нэгтгэх ажлыг надад даалгасан.
Эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан. 1962 онд 800 жилийн ойг тэмдэглэхэд түүхчид Лувсанданзаны "Алтан товч" болон бусад сурвалжид тулгуурлаж, зуны эхэн сарын шинийн 15 гэж тогтоож байсан. Харин Чоймаа багш, Очир багш нар Чингис хаан намар, өвлийн зааг буюу өвлийн эхэн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэсэн санал гаргасан. Ер нь сар, өдөр битгий хэл, төрсөн оных нь тухай ч 1156 он, 1162 он гэсэн маргаан байдаг. Эцэст нь 1162 оны өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэдэг санал давуу дэмжлэг авсан. Тэр жил энэ өдөр 11 дүгээр сарын эхэнд таарч байжээ.
Бид үүнийг яг төрсөн өдөр гэхээсээ илүү "Чингис хаан – Монгол бахархлын өдөр" болгох санал тавьсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн зарлиг гаргасан. Тэр жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой байсан тул олон улсын хурал хийж, өргөн хүрээнд тэмдэглэсэн.

Яагаад энэ өдрийг сонгосон бэ?
Гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, нүүдэлчид малаа туруулсан хахир хаврын цагт дайн байлдаан хийдэггүй. Гэтэл Тэмүжин төрөхөд Есүхэй баатар Татарыг дараад ирж таарсан бөгөөд ирсэн эцэгт нь өлгийтэй хүүг тэврүүлдэг. Хоёрдугаарт, Ордос, Буриад зэрэг Монгол туургатны дунд өвлийн эхэн сарын шинийн нэгэнд мялгуудын хурэм буюу хүүхдийн угаалгын найр хийдэг уламжлал байсан. Үүнийг Тэмүжин мэндэлснээс гурав хоногийн дараа хийсэн угаалгын найрын уламжлал гэж үзэж байгаа. Гуравдугаарт, зуны эхэн сарын тэргэл 15 бол Бурхан багшийн их дүйчин өдөр. Лу.”Алтан товч" зэрэг сурвалж Буддын шашны нөлөөгөөр бичигдсэн тул Чингис богдыг Бурхан багштай зүйрлэж, мэндэлсэн өдрийг нь дүйцүүлсэн байх магадлалтай.
Энэ өдөр яагаад жил бүр өөр өдөр тохиодог вэ?
Бид Цагаан сарыг тэмдэглэдэг шиг шар зурхайн цаг тооны бичгийг баримталдаг. Нар, сарны тохиолоор тооцдог учраас өдөр нь жил бүр хөдөлдөг. Хэрэв тогтмол өдөр сонгосон бол зарим жил өвлийн эхэн сард, зарим жил намрын адаг сард таарч, ойлгоход хэцүү болно. Хамгийн гол нь энэ бол Чингис хааны яг төрсөн өдөр биш, түүнд хүндэтгэл үзүүлдэг Монгол бахархлын өдөр юм. Энэ өдөр Монголын төр их хаанд хүндэтгэл үзүүлж, Чингис хаан одонгоо гардуулдаг.
Музей: мянганы суут хүнийг ойлгох үндэс
Өмнө нь Цонжин Болдог дахь морьт хөшөөнөөс өөр хүндэтгэл үзүүлэх газаргүй байсан. Чингис хаан үндэсний музейг яагаад байгуулсан бэ?
Одоогийн Ерөнхийлөгч 2019 оны долдугаар сарын 3-нд Ерөнхий сайд байхдаа Чингис хааны алдар сууг судлах, сурталчлах, өвлөн уламжлуулах зорилгоор музей байгуулах шийдвэр гаргасан. Ковидын хүнд үе, эсэргүүцлийг үл харгалзан асар богино хугацаанд байгуулсан.
Монголчууд аль ч цаг үед Чингис хаанаа дээдэлсээр ирсэн. Манжийн эрхшээлд байхдаа ч "Чингисийн бэлгэ сургаал"-ыг уншиж, "Алтан товч", "Эрдэнийн товч" зэрэг түүхээ бичиж, Чингисийн тахилгын сүм, цагаан тугуудаа тахисаар ирсэн. Чингис хааныг магтахыг хориглосон 1949 оны тогтоолоос хойш арваадхан жилийн дараа 800 жилийн ойг нь зориг гаргаж тэмдэглэсэн. 1990 онд "Нууц товчоо"-ны 750 жилийн ойгоор үндэсний үзэл хүчтэй сэргэж, дэлхий "Чингисийн Монгол эргэж ирлээ" гэж ярьж байсан.
Чингис хааныг хүн төрөлхтний сүүлийн мянган жилийн суут хүн, өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэж үнэлдэг. Тэрээр шашны зөрчлийг шийдэж, олон шашинтныг нэг дор амьдруулж, Европ, Азийн хооронд улс төр, худалдаа, соёл, шинжлэх ухааны их солилцоог бий болгосон. Гэвч түүний бүх зүйл нууц. Түүний тухай өгүүлэх сурвалж нь хүртэл "Нууц товчоо". Төрсөн газар нь Дэлүүн Болдог гэдэг ч аль Дэлүүн Болдог болохыг эцэслээгүй, төрсөн он, оршуулсан газар нь ч маргаантай. Энэ бүхнийг ойлгох суурь мэдлэг, соён гэгээрлийн үндэс нь Чингис хаан үндэсний музей байх ёстой гэж бид үздэг.
Алтан хөшөө: нэг ч грамм дутаагүй үндэсний эрдэнэ
Их хааны алтан хөшөө хэрхэн бүтсэн бэ?
Музей байгуулагдаж байх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголбанкны Эрдэнэсийн санд зочилсон. Тэр үеэр бид их хааныхаа алтан хөшөөг музейн хүндэтгэлийн өргөөнд босгох санааг ярилцсан. Монголбанк шуурхай ажиллаж 100 кг алт гаргаж, хөшөөг Италийн Флоренц хотод бүтээсэн. Төрийн шагналт Болд гуай хааны дүрийг гайхалтай урласан бөгөөд хээ, чимэг бүр нь нарийн утга агуулгатай. Эрдэнэсийн санд байсан гулдмай алтаа нэг ч грамм дутаалгүйгээр их хааны хөшөө болгон хадгалж, улсын бүртгэлтэй урлагийн бүтээл болгосон нь бидний бахархал.
Хоёр жилийн хугацаанд хөшөөг 10 гаруй улсын Ерөнхийлөгч, парламентын дарга нар, хаад ирж үзсэн. Өвөрмонгол, Буриад, Халимаг зэрэг Монгол туургатан, орон нутгийнхан олноор ирж байна. Шинэ гэрлэгчид хуримынхаа өдөр, анги нөхөд уулзалтынхаа өдөр хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг болсон. Төрийн гурван өндөрлөг шинийн нэгний өглөө их хаанд мөргөж, золгодог нь Монгол төр тасралтгүй залгамжилж байгааг илэрхийлж байна. Нэг хэсэг бид их хааныхаа нэрийг архи, тамхи, бүр хуушуурын нэр болгох төдийд хүргэсэн байлаа. Саяхан УИХ үүнийг тогтоолоор хориглосон нь ашгүй хэрэг.
Дэлхийд дэлгэгдэж буй "Чингис хаан"
Музей гадаадад олон үзэсгэлэн гаргажээ.
Байгуулагдсанаас хойш 8–9 улсад үзэсгэлэн гаргасан. Ерөнхийлөгчийн соёлын зөөлөн хүчний бодлогын хүрээнд гадаадын үндэсний музейнүүдтэй хамтран мэргэжилтэн солилцож, хурал, үзэсгэлэн зохион байгуулж байна. Хамгийн томоохон нь Францын Нант хотод болсон "Чингис хаан. Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ" үзэсгэлэн бөгөөд 250 000 хүн үзсэн. Дараа нь Чехийн Прага хотод, Англид гарсан. Одоо Берлинд цоо шинэ үзэсгэлэн нээгдээд байна. Нээлтэд хоёр улсын Ерөнхийлөгч биечлэн оролцож үг хэлсэн. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Штайнмайер Чингис хаан Европт дахин сүр хүчээ үзүүлэн ирлээ, Монгол Улсын Ерөнхийлөгч их хаантайгаа хамт ирлээ гэсэн утгатай үг хэлсэн. Чехийн Ерөнхийлөгч ч Чингис хаан хүн төрөлхтний хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж, энх амгаланг тогтоосныг онцолсон.
Арав орчим жилийн өмнө Египетийн мумми, Японы самурайн үзэсгэлэн дэлхийг тойрч байсан бол одоо "Чингис хаан" үзэсгэлэн таван тивд ийм өргөн хүрээнд явж байна. Энэ бол Монгол Улсыг сурталчлах, мөнгөөр хэмжигдэхгүй боломж учраас бид алдаа мадаггүй гаргах үүрэгтэй.

"Хүн төрөлхтөн биднийг хүндэтгэж байна. Бид өөрсдийгөө хүндэтгэж байна уу, үгүй юу гэдгийг бодолцооё."
Бид заримдаа Чингис хаанаа зөв ойлгодоггүй. Түүний байлдан дагуулал зөвхөн түрэмгийлэл биш, хүн төрөлхтний сайн сайхны төлөө байсныг ойлгохын тулд эхлээд Чингис хаан үндэсний музейгээ үзээрэй. Чингис хаан бол магтан дуулахаасаа илүү ухаарч ойлгох ёстой хүн юм.
Холбоотой мэдээ
-
13 цаг 54 мин
-
2026-11-05
-
13 цаг 54 мин