ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт боллоо
Батхуяг
Үйл явдал
/
13 мин

Монгол Улсад ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болж байна. 2023 онд Монгол Улсын санаачилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганаар энэхүү цуврал бүтээлийг туурвих тухай тогтоол батлагдаж, 2025 онд Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд байгуулсан хэлэлцээрээр уг санаачилгыг бодит ажил хэрэг болгох эрх зүйн болон зохион байгуулалтын үндэс суурь бүрдсэн юм.

Нүүдэлчдийн соёл иргэншлийн түүх бол хүн төрөлхтний хамтын өв, дэлхийн түүхийн салшгүй хэсэг билээ. Нүүдэлчид өргөн уудам газар нутгийг холбон, мэдлэг, үзэл санаа, технологи, соёлын солилцоог тив дамнуулан түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Энэхүү түүхэн үүрэг, хувь нэмрийг дэлхийн түүхийн судалгаа, бичлэгт зохих байр сууринд нь хүргэх нь тус цуврал бүтээлийн эрхэм зорилго юм.

Монгол Улсын хувьд энэ бол үндэсний түүх, соёлын өвөө олон улсын түвшинд сурталчлан таниулахын зэрэгцээ хүн төрөлхтний нийтлэг түүхийг илүү бүрэн дүүрэн, олон талт, тэнцвэртэй ойлгоход оруулж буй бодит хувь нэмэр.

Эдгээр өдрүүдэд үргэлжлэх уулзалтаар цуврал бүтээлийн үзэл баримтлал, хамрах хүрээ, бүтэц, агуулга, судалгааны арга зүйн асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн эхний боть болох “Төв болон Дотоод Ази” (Central and Inner Asia)-ийн агуулгын талаар 20 гаруй орны эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцож, мэргэжлийн зөвлөмж, байр сууриа нэгтгэнэ. Энэхүү бүтээлийн үнэ цэн, ач холбогдол нь юуны өмнө эрдэм шинжилгээний өндөр чанар, олон талт үзэл баримтлал, олон улсын хамтын ажиллагааны үр өгөөжөөр тодорхойлогдох учиртай.

Энэ удаагийн уулзалт Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж буй нь онцгой бэлгэдэл, утга учиртай юм. Өвөг дээдсийнхээ түүх, өв соёлоор бахархахын зэрэгцээ түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, олон улсын түвшинд үнэн зөвөөр таниулж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг билээ. Энэхүү санаачилга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжүүлж буй “Монгол түүх судлалыг дэмжих тухай” бодлогын зорилттой ч нягт уялдаж байна.

Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО болон олон улсын эрдэм шинжилгээний хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж, энэхүү цуврал бүтээлийг эрдэм шинжилгээний өндөр түвшинд, дэлхийн уншигчдад хүртээмжтэй, урт хугацааны үнэ цэн, ач холбогдолтой бүтээл болгон туурвихын төлөө тууштай ажиллах болно.

Энэхүү чухал үйл хэрэгт үнэтэй дэмжлэг үзүүлж буй ЮНЕСКО, түүний гишүүн орнууд, олон улсын эрдэмтэн, судлаачид, Монголын Үндэсний ЮНЕСКО-гийн Комисс, ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музейн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.