ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ хийх ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ буюу хуулийн шинэчлэл
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-10-29

Засаглалын буруу бодлогоос үүдэн Монголчууд олон зүйлээ алдсаны нэг нь ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН МУХАРДАЛ. Үүнийг салбарын сайд нь чуулганы танхимд хэлж үгээ барахаас, Ерөнхий сайд нь олон улсын чуулганы индрээс илэрхийлэхээс өөрөөр яаж гаргаж ирэх билээ. Мориор зүйрлэвэл “ЭРЧИМ ХҮЧ” гэдэг хүлэг турж эцээд, ядарч сульдаад бүүр явахаа больсон гэвэл онох юм.  Монголчууд хол замд явахдаа сэлгээд морддог. Манай улс 1992 оны Үндсэн хуулийг хэрэглэж эхлээд 32 жил болсон. Тэр хууль үүргээ гүйцэтгэсэн урчаас дараагийн өөрчлөлтийг хийж, сэлбэж шинэчлээд хөгжлийн шинэ шатанд гарсан. Улс орны дараагийн 50-100 жилийн хөгжлийн гол суурь нь яах аргагүй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛТ, ШИНЭ ХУУЛЬ ЗҮЙН ОРЧИН, ШИНЭ ЭХ ҮҮСВЭР болчихоод буйг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй цаг үе нэгэнт болжээ.

Сүүлийн найман жилийн хугацаанд Монголчуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 500 Мвт-аар нэмэгдэв. Түүнчлэн төвийн бүсийн эрчим хүчний системд гурван ч удаа том жижиг доголдол үүсч, тог тасарсан нь үүнээс цааш боломж үгүй шүү гэдгийг сануулсан хэрэг. Мөн өнгөрсөн өвөл эрчим хүчний гол импортлогч орон хойд хөрш эрчим хүчний үнээ гэнэт нэмэх шийдвэр гаргаж, биднийг айдаст автуулж байсныг мартах учиргүй. Оросууд бол Монголд БЕНЗИН, ЭРЧИМ ХҮЧ нийлүүлдэгээрээ өнөөг хүртэл “САЙН АХ” хэвээр буй. Бид алийн болгон САЙН АХЫН сайн дүү байж жилд 400 гаруй тэрбум төгрөгийг зүгээр өгөөд байх гэж. Хэдий болтол вэ... Олон улсын геополитикийн нөхцөл ширүүсч буй энэ үед бие даасан эрчим хүчтэй байхгүй бол дайнаар далимдуулж биднийг эрхшээлдээ оруулах гэж оролдвол яах вэ. Хүний юм чинь хүний л юм. ОХУ-ын Засгийн газраас гэв гэнэт Манайд нийлүүлдэг эрчим хүчнийхээ үнийг нэмчихвэл, эсвэл маш бага хэмжээгээр өгдөг болчихвол, тэрчлэн өгөхөө больчихвол бид яах вэ...

Монголчууд, Улаанбаатарчууд таг харанхуй болно. Хот тэр аяараа ХӨЛДӨХ эрсдэлд орно. Ийм учраас л ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ одоо ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БОЛЧИХООД байгаа юм.

Тэгвэл ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ НЬ юу байх вэ...

Нэн тэргүүнд үүргээ гүйцэтгэж, халаагаа өгөх болсон “Эрчим хүчний тухай” хуулийг шинэчлэх нь чухал юм. 2001 онд батлагдсан эл хуулиар дэлхийн 150 гаруй улсад хийсэн эрчим хүчний шинэчлэлийг хийсэн. Харин одоо өөрчлөх, шинэчлэх, орчин үе, хүмүүсийн хэрэглээ, үйлдвэрлэлийн нөхцөлд тохируулах шаардлагатай болоод байгаа юм. Энэ салбар дахь төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн ажиллах нөхцлийг нэмэгдүүлэх замаар чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, Монгол орны байгаль, цаг уурын нөхцлөөс шалтгаалсан НАР, САЛХИ, УСНЫ эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бүх боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчинтой болгох. Эрчим хүчний салбар дахь улстөрчилтийг үндсээр нь таслан зогсоох явдал хамгаас чухал болоод байна.

Хамгийн чухал нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн сэтгэлгээг өөрчлөх явдал.

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчид өдөр бүр шинээр өсөн нэмэгдэж байгаа бол тэдэнд нийлүүлж буй хэрэглээ ачааллаа даахаа больж, улам бүр хомсдож байгаа нь асуудал. Ийм төр засгаас богино хугацааны арга самбаачилж Бөөрөлжүүтийн 600 МВт, Баян сумд мөн 660МВт-ийг ашиглалтад оруулаад байгаа ч хэрэгцээг бүрэн дийлэхгүй байгаа юм.  Үүнээс гадна улстөржилтөөс үүдэлтэйгээр Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл, “Багануурын дулааны станц” төсөл, “Тавантолгойн дулааны цахилгаан станц” төслүүд нам гацчихсан. Улстөрийн буруу шийдвэр, салбарынхан нь өөртөө гал авч чадалгүй, эр зориггүйн улмаас төслөө нураах зэрэг олон гажуудал энэ салбарыг өнөөдрийн байдалд хүргэсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

2025 онд ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ яаж өөрчилж, ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ...

Хамгийн чухал нь эрх зүйн орчинг шинэчилсэнэр илүү өрсөлдөөнт зах зээлийг бий болгоно, хувийн хэвшлийн оролцоог бий болгоно, ногоон шийдэл буюу байгаль орчин, хүн амьтанд ээлтэй арга технологиудыг бий болгоно, компаниудын үйл ажиллагааг илүү сайжруулж, улмаар эрчим хүчний найдвартай бие даасан эх үүсвэрүүдийг бий болгоно. Ингэснээр энэ салбар төрөөс татаас авдаг бус төрд орлого төвлөрүүлдэг, гадаадын хөрөнгө оруулагчдийн анхаарлыг татсан, “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ” салбар болно гэж хууль санаачлагчид үзжээ.

МАН, АН, ХҮН гурван намын хамтарсан засгийн газрын үед “ЭРЧИМТ ХӨГЖЛИЙГ ЗОРИГ” гэрээг байгуулсан. Энэ гэрээ ёсоор улстөрийн гацаанд байгаа бүх төрлийн томоохон төслүүдийг хөдөлгөж, эдийн засгийн үр өгөөжийг нэмж, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3 мянган долларт хүргэнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Харин Эрчим хүчний реформыг ахлаж байгаа шадар сайд Т.Доржхандын зүгээс “Эрчим хүчний салбарт реформ хийснээр бид сэргээгдэх эрчим хүчнээс илүүдсэн хэсгээ ЯПОН, СОЛОНГОС, БНХАУ-руу экспортлоно. Бидний байгалийн нөөц, хүчин чадал ийм хэмжээнд бий” гэдгийг онцолсон юм. “Монгол Улс газар доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний тавд ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улстөрийн зөрчил болон гадны нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн. Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улстөрийн зөрчлийг давж Эрчим хүчний реформыг хийх ажлыг ахлаж байна гэв.

Цахилгаан, дулааны үнийг нэмэх нь ХЭРЭГЛЭГЧДЭД ДАРАМТ ҮҮСГЭХ ҮҮ...

Тогны үнэ буюу үйлдвэрээс хэрэглэгчдэд нийлүүлж байгаа цахилгаан, дулааны үнийг алдагдалгүй байх хүртэлх хэмжээнд нэмэх нь тодорхой. Цахилгаан эрчим хүчийг 280 төгрөгөөр үйлдвэрлээд хэрэглэгчдэд 125 төгрөгөөр дамжуулдаг. Айл өрхүүдийн 1м2 талбайг 506 төгрөгөөр тооцож халаадаг. Яг өнөөдрийн бодит өртөг 1300 төгрөг. Ийм учраас ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ нэмэх нь зөв .Харин үнийг хэдэн төгрөгөөр нэмэх, нэг хэрэглэгчид ирэх эдийн засгийн ачаалал нь ямар байгаа вэ гэдгийг “Эрчим хүчний зохицуулах хороо” гэх бие даасан хараат бус байгууллага шийднэ. Алдагдалгүй ажиллах үүднээс ийм арга хэрэглэх нь зөв гэж салбарын судлаачид, эрдэмтэд үзэж буй.

Үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдаг гэж үгтэй. Хэрэглэгчид, ялангуяа иргэд хямд өртөгтэй ТОГ ЦАХИЛГААН, УС ДУЛААН ХЭРЭГЛЭСЭЭР байгаад үүнийг байх ёстой хэвийн үзэгдэл гээж ойлгочихсон. Гэтэл гурил үйлдвэрлэхэд, талх үйлдвэрлэхэд хүртэл зарцуулж буй цахилгааны зардлыг огт тооцдоггүй нь гайхалтай. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Цахилгаан эрчим хүч бол ХАЛАМЖ БИШ. Манай иргэд хямд өртөгтэй тог цахилгаан хэрэглэсээр байгаад дасчихсан. Үнийг нь нэмэх хэрэгтэй. Иргэд ч ийм хэмжээний өвдөлт даах ёстой” гэсэн нь чухамдаа үнэн юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ярихдаа “Намайг бага байхад ямагт ашиглаагүй гэрлээ унтраадаг байсан. Индүү, телевизор, цахилгаан хэрэгсэл ховор байсан ч аав ээж маань эрчим хүчээ хэмнэ гэдэг дадал суулгасан. Гэтэл одооны хүүхдүүд цэнэглэгч, компьютер, будаа агшаагч, тоос сорогч, тень, агааржуулагч, шарх шүүгээ гээд бүгдийг нь зэрэг залгаж, үр ашиггүй зарцуулалт хийж, эрчим хүчний замбараагүй хэрэглээг бий болгоод байна. Иргэдэд эрчим хүчний хэмнэлтийн тухай олон нийтэд ойлголт өгөх нь чухал” гэж байв.

Илүүдсэн ЭРЧИМ ХҮЧЭЭ ЭКСПОРТЛОХООС өмнө ДУТАГДАЛТАЙ БАЙГАА БОЛОВСОН ХҮЧНЭЭ ЯАЖ ШИЙДЭХ ВЭ...

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 07 дугаар сард эрчим хүчний салбарынхантай өглөөний уулзалт хийж байв. Энэ үеэр яригдсан гол сэдэв нь салбар дахь хүний нөөц, ажиллах хүчний хомстлын тухай байв.

Энэ үеэр Дулааны цахилгаан станц –VI төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий инженер П.Болдбаатар ярихдаа “ Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна” гэдгийг тодотгосон. Энэ мэтээр цахилгаан, дулааны салбарт анхаарах асуудал их бий. Мэргэжилтэн, инженер, техникийн ажилчид нь ажлын байрандаа нас барах, ажлаа хийж байхдаа осолдох гэх мэт олон алдаа дутагдал байдаг.

Эрчим хүчний реформын хүрээнд энэ мэт шийдлүүдийг хийж чадвал жинхэнэ шинэчлэл болно. “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМНЭ” гэдгийг шинэчлэл гэж хөөргөж болохгүй. Үнэ ханш нэмэх чинь зөвхөн нэг хэсэг. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.