
Түүнийг "шинэчлэгч" хэмээн тодорхойлж болно. Яагаад гэвэл түүний ажил, амьдралын зам мөр ямагт шинийг бүтээж, шинэ зам гаргаж, шинэ шан татаж явсан түүх байдаг.
Багшаар ажиллах үедээ
Зах зээлийн онолын шинэ үрийг тарьж, үрслүүлэв
1992 онд 22 настай залуу ОХУ-д дээд сургуульд төгсөж ирээд, хуучнаар Худалдааны техникум буюу тухайн үед Зах зээлийн коллеж хэмээх шинэ нэртэй болоод байсан, өдгөөгийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багшаар ажиллаж эхэлжээ.
Монгол Улс зах зээлийн цоо шинэ замыг дөнгөж сонгож, шинэ нийгэмд хөл тавьсан, учраа тэр бүр олохгүй явсан үед зах зээл гэж чухам юу болох, онол, арга зүй ямар байдгийг Монголд мэддэг хүн цөөн байв. Г.Занданшатар ийм цаг үед "Зах зээл"-ээр овоглосон сургуульдаа зах зээлийн эдийн засгийн сурах бичиг, гарын авлагуудыг орчуулан түгээж, өөрөө түүнийхээ заах арга зүйг боловсруулан, туршиж, нэг ёсондоо зах зээлийн онолын шинэ үрийг тарьж, үрслүүлсэн юм.
Тэрбээр энд ажиллах хугацаандаа “Чөлөөт сэтгэгчдийн клуб” байгуулж, нэр хүндтэй улстөрч, эдийн засагчдыг урьж лекц уншуулж байсан нь тухайн үедээ ихээхэн сонирхолтой, өгөөжтэй арга хэмжээ болж байв.
Банк, санхүүгийн салбарт
Банкийг сэргээн босгож, бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэв
1996 онд багшийн ажлаас банк санхүүгийн салбарт шилжиж, Монголбанк, Хөдөө аж ахуйн банкинд ажиллажээ. Арилжааны олон банк байгуулагдсан ч жижиг зах зээл дээр хүч тарамдаж, чөлөөт өрсөлдөөний зарчмаар хэрхэн ажиллах арга эвээ ололгүй эхнээсээ дампуурч эхлэв. Тэр амаргүй сорилт тухайн үедээ Монголын томоохон банкны нэг болоод байсан Хөдөө аж ахуйн банкийг ч тойрсонгүй. Хот, хөдөөд хамгийн олон салбартай энэ банк үйл ажиллагаа доголдсоны улмаас Монгол Улс төрийн албан хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрч, цалингаа хүлээсэн хүмүүс хэдэн сараар хүлээж, эцэст нь цалингийн оронд гурил, будаа авч байсан үе бий.
Дампуурлаас банкийг аврах үүрэг залуу санхүүч Г.Занданшатарт ногдсон юм. Тэрбээр тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төслийг хэрэгжүүлж, эрх хүлээн авагчаар ажиллаж, зорилгоо амжилттай биелүүлэн, одоогийн ХААН банк нэрийг өгч, дотроо эвийн хоёр загастай, дөрвөн дэлбээт, гүн ногоон өнгөт одоогийн таних тэмдгийг (лого) бүтээлцсэн юм. ХААН гэсэн нэр Хөдөө аж ахуйн гэсэн нэрийн товчлол мэт санагдаж байсан ч яваандаа Монголын хамгийн том банк болно, басхүү банкны харилцагч бол хаан гэсэн хос утгыг бэлгэдэж өгснөөр, өдгөө Монгол Улсад хамгийн олон салбартай, хүчирхэг банк болжээ.
Хөдөө аж ахуйн дэд сайд байхдаа
Газар тариаланг сэргээх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэв
2003 онд Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдон ажиллах үед нь Монголын газар тариалангийн салбар ноцтой хямарч, зогсонги байдалд ороод байв. Техникийн шинэчлэл зогсож, тариалангийн талбай зэрлэгтээ баригдан атаршиж, Монголд гурилын хомсдол үүссэний улмаас импортын гурил гол хэрэглээ болоод байв.
Тэр цагт "Монголд тариа тарих хэрэггүй. Хойно, өмнө, хажууханд тариалангийн аварга том улс орон байхад идэх гурилаа тэндээс авахад л болно" гэсэн үзэл баримтлал дэвшүүлж явсан төрийн түшээд ч бий. Ийм үед буруу бодлогыг үндсээр нь өөрчилж, хөдөө аж ахуйгаа, түүний дотор тариалангийн салбараа аврахын тулд "Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг"-ийг УИХ-аар батлуулж, улмаар Атрын III аяныг санаачлагчдын нэг болсон юм.
Гадаад харилцааны сайд байхдаа
Гадаад бодлогын шинэ үзэл баримтлалыг батлуулав
Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулан батлуулсан нь Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулах замаар аюулгүй байдал, тусгаар тогтнол, үндэсний язгуур ашиг сонирхлоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах тулгуур баримт бичиг болсон юм. Монгол Улсын гадаад бодлого энэ баримт бичгийн үзэл баримтлал дор гурван арванд тууштай хөгжиж байна.
2011 онд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалах хүндтэй үүргийг хүлээн авсан билээ. Түүнийг сайд байх үед Монгол Улсын Засгийн газар “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг баталсан нь улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төр, эдийн засгийн дипломат үйл ажиллагааг чиглүүлэхэд томоохон түлхэц болсон юм.
Мөн “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг шинэчилж, гадаад харилцааны салбар, дипломат ажилтнуудын үйл ажиллагаанд ёс зүй, сахилга хариуцлагыг сахиулах шинэ жишиг тогтоосон юм.
Намын шинэчлэлд
МАСЗХ-г НАМЗХ болгоход оролцов
Тэрбээр 2005-2010 онд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тус холбоог өөрчлөх, үзэл баримтлалыг шинэчлэх ажлыг нөхдийн хамт гүйцэтгэж зорилго, чиглэл, үйл ажиллагааны цоо шинэ эрэмбэтэй Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо (НАМЗХ)-г үүсгэн байгуулалцжээ.
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага түүхэн үе шат бүрдээ манлайллын үүргээ амжилттай гүйцэтгэж, шинэчлэл өөрчлөлтийн замаар өдгөө хүртэл замнахад тэр ийнхүү хувь нэмрээ оруулсан бөгөөд одоо ч залуустай хамгийн ойр дөт ажилладаг улстөрчдийн нэг билээ.
Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа
Хөгжлийн бодлогын суурийг тавив
2018 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах үедээ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” буюу төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг гардан боловсруулж, батлуулсан билээ.
Энэхүү хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн агуулга “Шинэ сэргэлтийн бодлого” урт хугацааны хөгжлийн бодлогын эх үндэс болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг Г.Занданшатар тэргүүлж байх үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 106 дугаар тогтоолоороо баталсан билээ.
УИХ-ын даргаар ажиллахдаа
Үндсэн хуулийн шинэчлэл
Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын даргаар парламентын хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллахдаа ардчилсан, шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал дор, УИХ-ыг орчин үеийн дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлэн шинэчлэл хийх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлснээс Үндсэн хуулийн шинэчлэлийг онцолж болно. Хорь гаруй жил яригдаж, 3 парламент дамжин өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан ч шийдэлд хүрч чадаагүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг тэрбээр манлайлж, амжилттай хэрэгжүүлсэн нь түүний улстөрчийн замнал, үйл ажиллагаанд онцгой байр суурь эзэлнэ.
Монгол төрийн энэхүү томоохон үйл хэргийг УИХ 3 жилийн турш өрнүүлсэн. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх 2019 оны 6-р сард албан ёсоор өргөн баригдсанаас хойш УИХ 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зун ч завсарлаагүй.
Ард иргэдээрээ хэлэлцүүлж, Зөвлөлдөх санал асуулгыг Монголын түүхэнд анх удаа зохион байгуулж, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсож, нийгмийн зөвшилцлийг хангаж чадсанаар 2019 оны 11-р сарын 14-ний өдөр батлагдсан юм.
Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн бөгөөд засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, хараат бус шударга шүүхийг төлөвшүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд хийгдсэн билээ.
Мөн 2023 оны 5-р сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах бас нэгэн өөрчлөлтийг батлуулсан бөгөөд энэ өөрчлөлт нь парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах, ард түмний сонголтыг аль болох бүрэн дүүрэн баталгаажуулах, шударга сонгуулийн зарчмыг төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд 126 гишүүнтэй шинэ парламент бүрдэх эрх зүйн үндэс болсон юм.
Үндсэн хуулийн шинэчлэлийн эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд ард түмний засаглах эрхийг хангах, төр цэгцэрч, засаглал тогтворжин, шударга ёс, эрүүл нийгэм төлөвших эрх зүйн үндсийг бэхжүүлсэн өөрчлөлт болсон гэж үздэг.
Парламентын хяналт шалгалтын шинэ тогтолцоо
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж тусгасан.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн нь парламентын хянан шалгах чиг үүргийг цоо шинэ шатанд гаргасан юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ зөвхөн Ерөнхий сайдыг сонгохоор болсон бөгөөд Засгийн газрын бусад гишүүдийг томилох эрхээсээ татгалзсан. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төслийн орлого, зарлагын дүнг нэмэгдүүлэхийг хориглож, Засгийн газрын эрх мэдэл энэ хэрээр нэмэгдсэн. Энэхүү өөрчлөлтийн дараа Засгийн газрын үйл ажиллагаанд тавих парламентын хяналтыг сайжруулах нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналт тэнцлийг хангах бодлогын гол шийдэл болох ёстой байсан учраас энэ анхдагч хуулийг баталсан. Өмнө нь парламентын хяналт шалгалтыг ингэж нарийвчлан зохицуулсан бие даасан хууль байгаагүй юм.
Хууль батлагдан хэрэгжсэнээр парламент хяналт шалгалтын ажлаа урьдчилан төлөвлөдөг болж, хяналтын сонсголын төрөл, хэлбэрийг нарийвчлан зохицуулсан. Хуулиар хянан шалгах түр хорооны эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмыг дэлгэрэнгүй зохицуулж өгснөөр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах хороод байгуулагдан ажиллаж, нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг УИХ-ын үйл ажиллагааны байнгын механизм болсон.
Ингэснээр далд бугшсан олон асуудлууд ил болж, олон нийтийн анхаарал, хяналтад орсон. Тухайлбал, Хөгжлийн банкны, Нүүрсний, Ногоон автобусны гэх мэт дуулиант асуудлаар нийтийн сонсголуудыг хийж, ард иргэдийн мэдэх эрхийг хангажээ.
Цахим шилжилт
УИХ-ын үйл ажиллагаанд анх удаа D-parliament цахим системийг нэвтрүүлснээр хуулийн төсөл боловсруулах, хууль хэлэлцэх, батлах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад томоохон дэвшил гарсан. УИХ-ын цахим хуралдааны дэгийг холбогдох хуульд тусгаснаар УИХ-ын үйл ажиллагааны байнгын, тасралтгүй, тогтвортой байх зарчим бүрнээ хангагдсан юм. Тухайлбал, Ковид-19 цар тахлын үед УИХ цахим дэгийг хэрэгжүүлж ажилласнаар хуралдаан нэг ч өдөр тасалдаагүй бөгөөд Олон Улсын Парламентын Холбооноос Монгол Улсын Их Хурал цар тахлын нөхцөлд дэлхийн улс орнуудын парламентад жишиг болохуйц үйл ажиллагаа явуулсан хэмээн сайшаасан юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33.000, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70.000, хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ заавал авч хэлэлцэхээр тусгасан нь амжилттай хэрэгжиж байна.
Зөвлөлдөх санал асуулга
Г.Занданшатар АНУ-ын дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирэхдээ 2 шинэ бодол, онол тээж ирсний нэг нь “Цэгцрэх хөдөлгөөн”, нөгөө нь “Зөвлөлдөх ардчилал” юм.
“Молекулын эмх замбараагүй хөдөлгөөн нэг шугаманд цэгцэрч, цэгцтэй хөдөлгөөнд орохоороо энерги болж хувирдаг. Үүнийг физикийн ухаанд энтропи буюу цэгцрэх хөдөлгөөн гэж нэрлэдэг. Яг үүнтэй адил хүний нийгэм цэгцэрсэн цагт хөгжил ирдэг. Тиймээс Монгол Улсаа цэгцэлье гэвэл төрөө цэгцлэхээс эхлэх хэрэгтэй” гэж тэр ярьж, ном бүтээл болгон хэвлүүлж, төрд цэгцрэх хөдөлгөөн эхлүүлэхээр чармайсны бодит жишээ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “ард түмэн засаглах” эрхийг хуульчилсан. Энэ эрхийг хангах нэг хэрэгсэл нь “Зөвлөлдөх ардчилал” юм. Үүнийг төр, засгийн бүх шатны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа ард түмэнтэйгээ заавал зөвлөлдөж, зөвшилцдөг байх хэрэгтэй хэмээн товчхон томьёолж болно. Нийт ард иргэд, нийгмийн бүхий л бүлгийг төлөөлж чадахуйц цөөнх нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж чаддаг нь онол, практикаар батлагдсан зүйл.
Тиймээс Г.Занданшатар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачлан батлуулж, УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар, 2023 онд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой "Зөвлөлдөж шийдье" Зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсан юм.
Гомбожавын Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 100 хонох гэж байна. Гүйцэтгэх засаглалд, улс орны нийгэм, эдийн засгийн тогтолцоонд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсон, гадаад, дотоод таагүй нөхцөл, буруу хазгай бодлого, популист үйл ажиллагааны улмаас улсын эдийн засагт ноцтой хямрал үүссэн нөхцөлд тэр Засгийг тэргүүлэхээр ирэв.
Шинэчлэгчийн үйл ажиллагаа Ерөнхий сайдын хувиар хэрхэн өрнөх вэ? Ийм асуулт, хүлээлт Монголын нийгэм, улс төр, эдийн засагт нэгэнт бий болоод байна. Түүний хийсэн бодит шинэчлэлүүд ямагт эерэг өөрчлөлт, сайн үр дүн дагуулсан байдаг. Тиймээс Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар улс Монголынхоо унасан эдийн засгийг сэргээж, уруудсан буруу замаас гарах гарц гаргалгааг олно гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.






-
2 цаг 31 мин
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 20 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 54 мин
-
Уржигдар 13 цаг 39 мин
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин