Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын ХХААБ-ын 80 жилийн ойд дэвшүүлсэн мэндчилгээг уламжлав
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 24 мин

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас зохион байгуулдаг “Дэлхийн хүнсний форум” оролцож байна. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Цүй Дүнь Юй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  НҮБ-ын ХХААБ-ын 80 жилийн ойд дэвшүүлсэн мэндчилгээг уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ, “Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, даян дэлхийд өлсгөлөнг устган хүн төрөлхтний хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл зориг, үйл хэргийг нэгтгэж, тууштай манлайлж ирсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс түүхт ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Монгол Улс болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахин байгууллагын хамтын ажиллагааны хагас зуун жилийн хугацаанд ХХААБ нь манай улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж, бидний гол түнш байсаар ирсэнд гүнээ талархаж байна.

Цаашид Монгол Улс "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай улам нягт, үр дүнтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

Хүн төрөлхтний сайн сайхны төлөөх НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Байгууллагын үйл хэрэг үргэлжид дэвжин дээшлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж, энэхүү эрхэм үйл хэрэгт Монгол Улс ямагт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлье. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Танд болон танай хамт олонд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” хэмээсэн байна.

НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Цүй Дүнь Юй  Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд талархал илэрхийлээд, гишүүн орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсын төрийн тэргүүний мэндчилгээ ирүүлснийг онцолсон юм.   

НҮБ-ын ХХААБ-аас “Дэлхийн хүнсний форум”-ыг жил бүрийн аравдугаар сард Итали Улсын Ром хотноо зохион байгуулдаг уламжлалтай. Тус арга хэмжээнд дэлхийн 100 гаруй улсын төлөөлөл оролцдог бөгөөд энэ жил ХХААБ байгуулагдсаны 80 жилийн ойтой давхцаж буй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.