Д.ГАНТУЛГА: ХИЙМЭЛ ОЮУНЫ дата төвүүдэд Монголын НАР, САЛХИНЫ эрчим хүчийг ХУДАЛДАЖ тэндээс ашиг олохыг л ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ гээд байгаа юм
Батхуяг
Ярилцлага
/
11 мин

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент парламент улстөрийн таван нам, эсвлийн төлөөллөөс 126 гишүүнээс бүрдсэн. Харин Засаг бүрдүүлэх эрх өвөртөлсөн МАН- тогтвортой байдал, чанартай ажил хийхийг эрхэмлэж бусад улстөрийн хүчнүүдтэй эсвэж хамтарсан засаг байгуулан ажиллаж буй. 100 гаруй жилийн түүхтэй эрх баригч хүчин дотоод улстөрийн талцал хуваагдлаасаа болж Ерөнхий сайдаа гурав дахь удаагаа солилоо. Гурван өөр Ерөнхий сайдын удирдсан танхимд Монголын улстөрийн гуравдагч хүчин ХҮН нам хамгийн тогтвортой ажиллаж байна. Тус нам Засагт орохдоо гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, “Эрчим хүчний реформ” хийх, “Боловсролын либералчлал” хэрэгжүүлэхээр зорьсон. Үүнийгээ ч зоригтой, амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээж өөрчлөлт шинэчлэл бүхэн өргөс авсан шиг хурдан эдгэхгүй тул шүүмжлэх, болгоомжлол, хардалт дүүрэн байна. ХҮН намын сайд нарыг тойрсон эл бодлогын талаар бид тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Боловсролын дэд сайд асан Д.Гантулгатай ярилцлаа.

Намрын сайхан өдөр мэнд хүргэе. ХҮН намд сонин сайхан юу байна?

Сайн байна. Манай нам өнгөрсөн тавдугаар сард дүрмээ шинэчилсэн. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан бүх нам дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Одоо Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ дүрмийнхээ дагуу аймаг, сум, дүүрэг дэх намын хороо, өрөөдийнхөө зохион байгуулалтыг шинэчилж байна. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ ажлыг би өөрөө гардан удирдаж байгаа болохоор нэлээд завгүй байна.

ХҮН намын өнөөдрийн байр суурийг та хэрхэн дүгнэх вэ. Улс төрийн гуравдагч том хүчин болж чадав уу?

Бид 2024 оноос хойш Монгол Улсын хууль тогтоох байгууллагад өөрийн төлөөлөлтэй, өөрийн дуу хоолойтой явж байна. Төрд төлөөлөлтэй, Засгийн газарт сайдтай, төрийн бодлогыг хамтран тодорхойлж буй намын хувьд бид том улс төрийн хүчин аль хэдийн болсон. 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орох боломж бүрдсэн. Одоо гурав дахь Засгийн газартаа ажиллаж байна. Энэ хооронд эрх баригч нам Засгийн газраа гурван удаа солилоо. ХҮН нам бол төр, засгийн тогтвортой байдлыг эрхэмлэдэг нам. Тийм ч учраас Т.Доржханд шадар сайд, Наранбаяр Боловсролын сайдаар ажиллаж байсан бол одоо Б.Найдалаа Эрчим хүчний сайдаар ажиллаж байна.

Гурван Засгийн газарт ХҮН намын гишүүд тогтвортой ажиллалаа. Гэвч олон нийт танай намыг МАН-ын дагуул нам, толгой намаа тойглоод, хувалз шиг шигдээд байна гэж үздэг?

Хамгийн түрүүнд хэлэхэд, энэ удаагийн Засгийн газар бол хамтарсан Засгийн газар биш. Хамтарсан Засгийн газрын үед бид урилгаар орсон. Хүмүүс үүнийг мушгин гуйвуулж, ХҮН намыг Ардын намын охин нам гэж ярьдаг. Гэтэл тийм биш. МАН өөрөө нэг нам шиг байж чадахгүй, өөрийнхөө Засгийн газрыг өөрөө унагаад байна шүү дээ. Гурван намын хамтарсан Засгийн газар байгуулахад манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эрчим хүчний реформ”, “Боловсролын либералчлал” зэрэг бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн, 100 хувь тусгасан. Бид энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Засгийн газарт байгаа.

Тэгэхэд та бүхэн бодитой ажил хийж чадаж байна уу? Эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэчлэлийн үр дүн олон жилийн дараа гарч магадгүй л дээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар харахад өмнөх сайд Б.Чойжилсүрэнгийн үеэс ч доор байна. Б.Найдалаа сайдын үед нэг ч шинэ станц баригдсангүй, шав ч тавигдсангүй гэсэн шүүмжлэл байна. Ийм байхад эрчим хүчний салбар ХҮН намын бодлогоор явж байна гэж ярих үндэслэл бий юу?

За, бодитоор нь ярья. Нэгдүгээрт, Б.Найдалаа сайдын үед Монгол Улсад анх удаа эрчим хүчний эх үүсвэр барих ажлыг тендерээр биш, дуудлага худалдаагаар зохион байгуулж эхэлсэн. Эхлээд таван аймагт, саяхан Оюу толгойд зориулсныг оруулаад нийт зургаан дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж, төслүүд хэрэгжиж байна. Энэ бол жинхэнэ утгаараа реформын шинжтэй алхам. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дуудлага худалдаагаар шалгаруулна гэсэн хууль 2019 онд батлагдсан. Тендерийн үед төр “300 мегаваттын станц барина” гээд мөнгийг нь улсын төсвөөс гаргаж, барих компанийг шалгаруулдаг. Станц нь төрийн өмчид үлдэж, үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг. Харин дуудлага худалдааны үед төрөөс нэг ч төгрөг гарахгүй. Компаниуд 300 мегаваттын станцыг өөрсдийн хөрөнгөөр барина. Хэдэн төгрөгөөр барих нь тэдний асуудал. Тэд нэг киловатт цаг цахилгааныг төрд ямар үнээр нийлүүлэхээр өрсөлдөж, хамгийн бага үнийн санал өгсөн нь ажлыг авдаг. Ингэснээр бодит зах зээлийн өрсөлдөөн бий болж байна. 2019 оноос 2026 он хүртэл долоон жил энэ хуулийг хэрэгжүүлээгүй, нэг ч удаа дуудлага худалдаа зарлаагүй. ХҮН нам эрчим хүчний салбарыг хариуцмагцаа үүнийг хэрэгжүүллээ. Үр дүнд нь юу болов? Сэргээгдэх эрчим хүч маш үнэтэй, нэг киловатт цаг нь 12 центээс дээш гарна гэж ярьдаг байсан. Гэтэл Бөөрөлжүүтийн нүүрсний станц нэг киловатт цагийг 8.8 центээр нийлүүлдэг. Дараа нь баригдах нүүрсний станцууд ч ойролцоо үнээр нийлүүлэх гэрээтэй. Харин сэргээгдэх эрчим хүчний эдгээр төслүүд дунджаар 5.95 центээр, өөрөөр хэлбэл нүүрсний станцаас ч хямд үнээр нийлүүлэхээр болж байна. Ийм хямд эх үүсвэр бий болсноор цахилгааны үнэ нэмэгдэхгүй, цаашид бүр буурах нөхцөл Б.Найдалаа сайдын үед бүрдэж байна.

Хоёрдугаарт, нүүрсний цахилгаан станц нэгдүгээрт, үнэтэй. Хоёрдугаарт, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Гуравдугаарт, гадны зээл, хөрөнгө оруулалт голдуу ногоон эрчим хүч рүү чиглэдэг болохоос нүүрсний станцад хөрөнгө оруулах сонирхол бараг байхгүй. Сэргээгдэх эрчим хүч үнээрээ ингэж давуу гараад ирэхээр нүүрсний лобби өөрсдийн том станц барьж ашиглах гэсэн сонирхолтойгоо зөрчилдөж, эсэргүүцэж эхэлж байна. Тэд ногоон эдийн засаг, ногоон эрчим хүч, ногоон ирээдүй рүү чиглэсэн Монгол Улсын хөгжлийг гацаах гэж байна. Эсвэл зүгээр л нүүрсээ нийлүүлж баяжих, тэр нь ч өндөр үнээр нийлүүлэх сонирхолтой байгаа.

Оюу толгойн жишээн дээр тайлбарлая. Оюу толгой компани одоогоор цахилгаанаа 100 хувь БНХАУ-аас авч байгаа. Хэрэв Монгол Улсаас авах бол ямар үнээр авах тухай гэрээ бий. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийлүүлбэл нэг киловатт цагийг 9.7 центээр авна гэж заасан. Энэ үнийг АНУ-ын хэрэглээний үнийн индекстэй уялдуулсан тул Америкийн инфляцын хэмжээгээр жил бүр өсдөг. 2030 он хүртэл Хятадаас авах, 2030 оноос хойш Монгол Улс нийлүүлж болохоор гэрээнд тусгасан бөгөөд энэ нөхцөл Оюу толгойн төслийн бүх хугацаанд үйлчилнэ. Ингэхээр 2030 он гэхэд Оюу толгой нэг киловатт цаг цахилгааныг Монголоос 12–13 центээр авах тооцоо гарч байна. Долларын ханш 3,600 төгрөг байхад энэ бол маш өндөр үнэ. Тиймээс энэ үнээр тэнд хувийн цахилгаан станц барьж нийлүүлэх гэсэн томоохон сонирхол байсан. Б.Найдалаа сайд Оюу толгойн станцыг дуудлага худалдаанд оруулснаар юу болов? Одоо Оюу толгойд цахилгаан нийлүүлж байгаа Өвөр Монголын компани болон MCS хамтарсан консорциум болж шалгарсан. Тэд нэг киловатт цагийг 7.9 центээр нийлүүлэхээр болсон. Ингэснээр Монголын төр буюу цахилгаан дамжуулах систем 7.9 центээр худалдан авч, Оюу толгойд 13.2 центээр нийлүүлнэ. Монголын цахилгаан дамжуулах систем анх удаа ашигтай ажиллах гэж байна.

Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж, төрийн татаас авдаг биш, харин их хэмжээний ашиг өгдөг болно. Маш том боломж нээгдэж байна. 2030 оноос бид нийлүүлж эхэлнэ. Урьдчилсан тооцоогоор эхний жилээс л жилд 40 сая ам.долларын ашигтай ажиллана. Шулуухан хэлэхэд, ХҮН нам засагт байсны ачаар энэ ажлыг зөв замаар нь явуулж, Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирж байна.

Эрчим хүчний системийг Хойд Солонгос шиг болгож болохгүй шүү дээ. Б.Найдалаа сайд ийм бодлого, шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байгаа хүмүүс бол шулуухан хэлэхэд нүүрсний лоббиныхон.

Нүүрсийг тойрсон хувийн эрх ашиг, хулгай ямар их байгааг бүгд мэднэ. Өмнөд хил рүү гаргаж байгаа нүүрсэн дээр өнгөрсөн жилүүдэд юу болов? Сая сая тонн нүүрсийг гааль дээр бүртгэлгүй гаргаж, хулгай хийсэн тохиолдол гарсан шүү дээ.

Тэр асуудал одоо ч шийдэгдээгүй байна. Одоо дараагийн шатанд нүүрсний станц барьж, улсад өндөр үнээр цахилгаан нийлүүлэх сонирхол бий. Гэтэл сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нар, салхины эрчим хүчний өртөг технологи сайжрахын хэрээр, нарны хавтан шинэчлэгдэхийн хэрээр жил бүр буурч байна. Арван жил тутам өртөг нь хоёр дахин буурч байгаа. 2015, 2016 оны үед жижиг төслүүд нэг киловатт цагийг 15–16 центээр худалдах гэрээ байгуулж байсан. Тэр үнэтэй харьцуулж “сэргээгдэх эрчим хүч үнэтэй” гэсэн буруу ойлголтыг иргэдийн толгойд суулгаж, “нар гарсан үед хэрэггүй цагт бага зэрэг цахилгаан үйлдвэрлээд, орой хэрэглээ нэмэгдэх үед тасардаг” гэж ярьдаг байсан.

Гэтэл бодит байдал ямар байна вэ? Жишээлбэл, таван аймгийн төслийн ихэнх нь 50 мегаваттын хүчин чадалтай, 30 мегаваттын хураагуур батерейтай. Тэгэхээр нар гарсан үед цахилгаанаа нийлүүлж, орой болохоор хураагуураасаа өгөх боломжтой. Нэг. Хоёрдугаарт, үнэтэй гээд байсан чинь нүүрснээс ч хямд байж болж байна шүү дээ. Тэгэхээр та өөрөө бодоод үз дээ. Цаана нь ямар эрх ашиг яваад байна вэ?

Эрчим хүчний бодлого ХҮН намын бодлого гэдгийг та бүхэн өөрсдөө хэлж байна. Тэгвэл цахилгааны үнэ нэмэх бодлого ч ХҮН намын бодлого байх нь ээ?

Цахилгааны үнийн хувьд бид Монгол Улс бага багаар чөлөөт зах зээл рүү орох ёстой гэж үздэг. Нэг талд нь үйлдвэрлэдэг, нөгөө талд нь хэрэглэдэг бүх бүтээгдэхүүн, цахилгаан ч бай, мах ч бай, үнэ нь үйлдвэрлэлийн өртөгтэйгөө нийцэж, бодитой байх ёстой. Бид коммунизмд амьдарч байгаа биш, тэр систем аль хэдийн нурсан.

Энэ салбар бага ч гэсэн ашигтай ажиллаж болох юм биш үү. Хоёрдугаарт, манай дотоодын зах зээл дэндүү жижиг. Суурилагдсан хүчин чадал 1.9 гигаватт л байхад хангалттай. Тиймээс зөвхөн дотоодын зах зээлийг хараад, 1.9 гигаваттыг яаж барьж хангах вэ гэдгээр хязгаарлагдах нь маш буруу. Харин эрчим хүч, ялангуяа ногоон, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, илүүдлээ гадаадад экспортлох бодлого барьвал дотоодын үнэ угаасаа эрс буурах боломжтой. Эрчим хүч экспортлох гэхээр нүүрсний уурхай юм уу салхи, нарны станц бариад урагшаа шугам татаж, цахилгаан гаргана гэж ойлгодог. Тийм биш. Бидний ярьж буй эрчим хүчний экспорт бол ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, Монгол Улсын хөгжлийг авч явах гарц болгон бидний санал болгож буй санаа юм.

Дэлхийд шинэ технологи, хиймэл оюун хурдацтай хөгжиж байна. Үүнтэй зэрэгцээд хиймэл оюуны дата төвүүдийг их хэмжээгээр барих хэрэгцээ гарч ирж байна. Дээр нь ногоон устөрөгч, ногоон металл гэх ойлголт бий. Өөрөөр хэлбэл, устөрөгчийг эрчим хүчний түүхий эд болгон ашиглах, хөнгөн цагаан зэрэг металлыг сэргээгдэх эрчим хүч ашиглан үйлдвэрлэх. Дэлхий үүнийг хүсэж байна. Нүүрс, газрын тос шатааж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид авахаа больж, “ногоон хөнгөн цагаан байвал авна” гэж байна. Энэ нь Монгол Улс хиймэл оюуныг өөрөө бүтээх, эсвэл тэр том үйлдвэрүүдийг өөрөө барина гэсэн үг огт биш. Дата төвийн жишээгээр тайлбарлая. Google, Amazon, Microsoft зэрэг томоохон компаниуд хиймэл оюуны дата төвийг дэлхий даяар байршуулж, ашиглах сонирхолтой байна. Ганцхан Монголд барихгүй, дэлхийн өнцөг булан бүрт байршуулна. Ингэж байж тэд аюулгүй байдал, найдвартай ажиллагаагаа хангадаг. Монгол Улс яагаад давуу талтай вэ гэвэл, нэгдүгээрт, дата төвийг ажиллуулах зардлын 65–70 хувь нь эрчим хүчний зардал байдаг. Тэр эрчим хүчийг үндсэндээ сэргээгдэх эх үүсвэрээс авах шаардлага тавьдаг. Жишээлбэл, Америкт дата төвүүдийг эсэргүүцсэн маш том эсэргүүцэл гарч байна…

ХҮН намынхан гудамжны залуучуудыг цуглуулж, албан тушаалд томилж байна гэсэн шүүмжлэл гарлаа. Та үүнтэй санал нийлэх үү?

Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Лхагвын Жамба гэдэг хүнийг сонгосон. Б.Найдалаа сайд санал болгож, Ерөнхий сайд томилсон. Тэр бол ХҮН намын хүн. Гэхдээ гудамжинд явж байсан хүн огт биш. Эрчим хүчний шинжлэх ухаан, технологийн их сургуулийг төгсөөд, Эрчим хүчний зохицуулах хороонд мэргэжилтнээр орж, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга болтлоо арав орчим жил ажилласан туршлагатай. Солонгост магистрын зэрэг хамгаалсан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн хүн. Дараа нь ХҮН намд элсэж, 2024 оны сонгуульд ХҮН намаас нэр дэвшсэн. Бидний ярьж буй, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт, улмаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Монгол Улсын хөгжлийн гарц байж болох энэ бодлогыг боловсруулахад толгойлж ажилласан хүн.

2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдахад Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдсан шүү дээ. Шадар сайд, ХҮН намын дарга ахалсан энэ хорооны ажлын албыг тэр хариуцаж, одоо яригдаж буй гадаадын хөрөнгө оруулалтын ажлыг гардан хийж байсан. Насаар залуу гэж ярьж байгаа ч одоогийн Ерөнхий сайдтай чацуу хүн шүү дээ. Мэргэжлийн салбартаа олон жил ажилласан хүнийг Ерөнхий сайд томилохдоо харж, танилцаж байж томилсон.

Дараа нь Б.Найдалаа сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад томилогдсон. Манай бусад томилгоог ч харвал мөн адил. Эрчим хүчний салбар шиг онцгой салбарт тохирохгүй хүнийг хэн ч зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгвэл аль нэг байгууллагад ямар гомдол гарсан юм бэ?

Багануурын уурхайд жолооч байсан, ХҮН намын үйл ажиллагаанд оролцож байсан хүнийг Багануур-Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний байгууллагын даргаар тавьсан гэж ярьж байна?

Жолооч байсан гэж байгаа ч жолооч байхад нь томилоогүй. Тэр хүнийг Даваажаргалын Гантулга гэдэг. Оюутан байхдаа ч юм уу жолооч хийж байсан байж болно. Залуу насандаа хүн бүр л янз бүрийн ажил хийдэг. Жишээ нь, би Англид байхдаа аяга угааж байсан. Тэгэхээр “аяга угаагчийг авчирч сайд болгочихлоо” гэж хэлэх үү? Миний мэдэхээр, CV-г нь харахад тэр хүн Багануурт инженерээр ажиллаж байсан. Багануурын уурхайд бүтээмжийн менежерээр ажиллаж байсан. Олон нийтийн ажлын хувьд Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэнд ХҮН намын бүлгийн дарга.

Ийнхүү эрчим хүч, уул уурхайн салбарт ажилласан туршлагатай. Хамгийн гол нь байгууллагын удирдлага, захирал хүн зөвхөн мэргэжлээрээ биш, менежер байх ёстой. Заавал инженер байх ёстой гэж явцуурч болохгүй. Д.Гантулга захирлын хувьд салбартаа ажиллаж байсан, мэргэжлийн хувьд ч тохирох, удирдах ажлын туршлагатай, олон нийтийн ажилд оролцдог улс төрч хүн. Улс төрч хүн УИХ-ын гишүүн болж, сайд болдог шүү дээ. Гэтэл “салбарын хүн биш”, “багадаа ийм ажил хийж байсан” гэх мэтээр муучлаад байна.

Ингэж гудамжинд байсан олон хүнийг ажилтай болгосон юм биш үү?

Нэгдүгээрт, гудамжнаас нэг ч хүн ороогүй. Томилогдсон хүмүүс бүгд тухайн салбартаа ажиллаж байсан хүмүүс. Үнэндээ тэд байгууллагадаа улс төрийн дэмжлэггүй байсан учраас дэвшиж чаддаггүй байсан. Хамт олон нь “хамгийн мундаг нь энэ хүн” гэдэг хүмүүсийг ХҮН нам дээш нь татаж байгаа. Энэ нь зарим хүний дургүйцлийг төрүүлж байна. Тэд байгууллагадаа хамаг ажлыг хийдэг, бүхнийг мэддэг. Нэг станцад ямар нэг асуудал гарахад тэд л очиж шийддэг мөртлөө улс төрд оролцдоггүй, сонгуулиар мөнгө өгдөггүй.

Ийм хүмүүсийг зүгээр л доод албан тушаалд нь байлгаад байдаг. Харин бид тэр хүмүүсийг харж, дээш нь татаж байна. Энэ бол намын бус, төрийн мерит зарчмаар явж байгаа хэрэг. Үүнд мөн л олон хүн дургүйцэж байна. Өмнө нь улс төрийн дэмжлэгээр томилогдож байсан хүмүүс “миний хүнийг халчихаад, хэн ч биш хүнийг тавьлаа” гэдэг. Гэтэл тэр хүн өмнөх дарга нараасаа илүү мэргэжлийн туршлагатай. Хоёрдугаарт, ямар хүмүүс солигдож байна вэ гэвэл, ажлаа зөв хийдэггүй хүмүүс. Сайд бол улс төрийн албан тушаалтан. Төрийн бодлого буюу сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, эрчим хүчний реформ хийх ажлыг явуулахгүй байгаа, нарийвчлан үзвэл авлигын хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг сольж байна. Сайд өчигдөрийн ярилцлагадаа үүнийг тод хэлсэн шүү дээ. Ийм зүйлд орооцолдсон хүмүүсийг илрүүлж солих, цэвэрлэгээ хийх нь миний үүрэг гэж. Монгол Улсын бүх салбар, тэр дундаа эрчим хүчний салбарт хулгай маш их газар авсан. Бид үүнтэй тэмцэж байна. Дуудлага худалдааны давуу тал нь хулгай хийх боломжгүй. Олон нийтийн нүдэн дээр явагддаг. Станцаа хэдэн төгрөгөөр барих нь тэдний асуудал. Төр хэдээр худалдаж авах вэ гэдгийг хамгийн бага үнээр нь шалгаруулж байна. Төр станц худалдаж авах биш, нэг киловатт цаг цахилгаан буюу бүтээгдэхүүн худалдаж авч байгаа нь чухал. Станцаа 100 тэрбумаар барих уу, нэг их наядаар барих уу, тэдний асуудал. Төр худалдан авах үнээ л багасгах хэрэгтэй. Харин тендерийн үед станцыг хэдэн төгрөгөөр барихыг төр өөрөө төлдөг, өртгийг нь хөөрөгдөж өгдөг. Хулгай тэнд л орж ирдэг юм.

Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл асууя. Эрчим хүч, боловсрол хоёр бол мөнгөтэй, Монгол Улсын стратегийн ач холбогдолтой, төрийн бодлогын гол салбарууд. Энэ мөнгөтэй салбаруудаас сонгуулийн мөнгө босгох гэж байна гэх шүүмжлэл бий?

Боловсролын салбарыг мөнгөтэй гэдэг талаар хэлэхэд, бидний үед салбарын нийт төсвийн бараг 80 хувь нь шууд цалинд зарцуулагддаг байсан. Бусад нь бусад зардалд явдаг. Нийтдээ зуу орчим мянган хүн амьдралаа залгуулдаг салбар учраас мөнгөтэй мэт харагддаг ч хийдэг ажилтайгаа харьцуулбал боловсролын салбар огт мөнгөтэй салбар биш. Эрчим хүчний салбарыг ч бас мөнгөтэй гэж ярьдаг юм билээ. Гэтэл эрчим хүчний салбар Соёлын яамнаас ч бага төсөвтэй гэж шүүмжлэл дагуулж байсан. Бидний хийж буй ажил бол төрөөс мөнгө аваад юм барих биш, аль болох хувийн хэвшлийг өрсөлдөөний зарчмаар оруулж ирж, эрчим хүчний салбарыг босгох явдал. Эрчим хүч, боловсрол ч бай, бусад салбар ч бай, төрийн мөнгөнөөс сонгуулийн мөнгө босгох ёсгүй.

Танай нам тийм зүйл хийдэггүй гэж үү?

Манай нам тэр өнцгөөс огт хардаггүй. Бидний хүсэж буй зүйл бол бизнест ч бай, хэнд ч бай үнэхээр хэрэгтэй ажил хийх. Сонгуулийн хандив, санхүүжилтийн асуудлыг хуулиар зохицуулдаг шүү дээ. Аж ахуйн нэгж нэг намд 39.3 сая орчим төгрөгийн, иргэн 9.54 сая төгрөг хүртэлх хандивыг хуулийн дагуу, ил тод өгч болно. Сонгуулийн үеэр санхүүжилт хэрэгтэй болдог. Тэгэхээр боловсролын салбарын зуун мянган хүнд үнэхээр хэрэгтэй зүйл хийсэн, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлсэн гээд компаниуд хуулийн дагуу хандив өгвөл энэ нь хуулийн хүрээнд явагдана. Энэ л байх ёстой зарчим. Өнгөрсөн сонгуулиар манай намд хандив өгсөн компаниуд ч, хүлээн авсан манай нам ч бүртгүүлж, бүх тайлангаа нээлттэй тавьсан, компаниудын жагсаалт ч олон нийтэд ил болсон. Бүгд хуулийн дагуу. Түүнээс биш аль нэг салбарыг авчихаад тэндээс сонгуулийн мөнгө босгох ёсгүй. ХҮН нам ийм зүйлд хэзээ ч орооцолдохгүй, хүлээж ч авахгүй.

Цаг зав гаргаж, хурц асуултад шулуухан хариулсанд баярлалаа.

Баярлалаа. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.