Катар Улсын Доха хотноо 2026 оны 11 дүгээр сарын 9-27-ны өдрүүдэд болж буй Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 22 дугаар их хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа их хурлын Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын бодлогын байр суурийг илэрхийлсэн үг хэлж, тус улсын дижитал шилжилтийн ололт амжилт, цаашдын тэргүүлэх чиглэлийг танилцуулав. Тэрээр харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хиймэл оюун ухаан, дижитал инновацыг хариуцлагатай хөгжүүлэхийн чухлыг онцолж, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлог хэрэгцээг харгалзан олон улсын хамтын ажиллагаа, техникийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын түншлэлийг өргөжүүлэхийг уриалав. Мөн дижитал шилжилтийн үр өгөөжийг хүн бүрд тэгш хүртээх, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой дижитал ирээдүйг цогцлооход Монгол Улс ОУЦХБ болон гишүүн улсуудтай нягт хамтран ажиллахад бэлэн буйг нотлов.
Их хурлын хүрээнд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нар Америкийн Нэгдсэн Улс, Тайландын Хаант Улс, Малайз Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улс зэрэг улсын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийсэн нь ОУЦХБ-ын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гишүүн орнуудтай ажлын түвшний харилцаа холбоог өргөжүүлэхэд ач холбогдолтой болов.
Дөрвөн жил тутам зохион байгуулдаг ОУЦХБ-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал нь тус байгууллагын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, стратеги, санхүүгийн төлөвлөгөөг тодорхойлж, удирдах албан тушаалтнууд болон удирдах байгууллагуудын бүрэлдэхүүнийг сонгон бүрдүүлдэг шийдвэр гаргах дээд түвшний хурал болно. Энэ удаагийн их хурлаар дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай цахим холболтыг өргөжүүлэх, дижитал ялгаатай байдлыг бууруулах, шинээр хөгжиж буй технологийн боломж, сорилтыг шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж байна. Түүнчлэн ОУЦХБ-ын 2028-2031 оны стратеги, санхүүгийн төлөвлөгөөг баталж, байгууллагын удирдлага, Зөвлөлийн гишүүд болон Радио зохицуулалтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох юм.
ОУЦХБ-ыг 1865 онд байгуулсан бөгөөд дэлхийн харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний харилцан уялдааг хангах, радио давтамж болон хиймэл дагуулын тойрог замын ашиглалтыг олон улсын түвшинд зохицуулах, техникийн стандарт боловсруулах, дижитал хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн асуудал эрхэлсэн төрөлжсөн байгууллага болно. Тус байгууллага 194 гишүүн улс, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын болон олон улсын байгууллагын 1000 гаруй гишүүнтэй. Монгол Улс тус байгууллагад 1964 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гишүүнээр элссэн.