Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд, комиссын Вьетнамын хэсгийн дарга Чинь Вьет Хунг нар ахалж оролцов.
Хуралдааны эхэнд талууд Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ эрчимтэй өрнөж буйг тэмдэглээд, энэ удаагийн 20 дугаар хуралдаан нь хоёр улсын хооронд хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд 2023, 2024 онд харилцан хэрэгжсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны салбаруудыг иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд нийцүүлэн хөгжүүлэхэд тус комисс өндөр ач холбогдол өгч ажиллаж ирснийг талууд тэмдэглэлээ.
Комиссын дарга нар Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.
Цаашид талууд агаарын ачаа тээврийн эрх зүйн орчны хүрээнд тээвэр, логистикийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах, хоёр улсын давуу тал бүхий бүтээгдэхүүнийг харилцан зах зээлдээ нэвтрүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд гаалийн болон хорио цээрийн шаардлага, бүртгэл, баталгаажуулалтын мэдээлэл солилцох, журмыг хялбарчлах боломжийг эрэлхийлэхээр болов.
Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны гол чиглэл болгох боломж бий гэдгийг талууд тэмдэглээд, мах боловсруулах технологи, НАССР болон ISO 22000 тогтолцооны туршлага нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, хувийн хэвшлүүдийн түншлэлийг идэвхижүүлэх замаар цаашид чөлөөт бүсүүдэд хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийг судлах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.
Талууд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх, монгол, вьетнам судлалыг хөгжүүлэх, багш, оюутан солилцоог өргөжүүлэхээр болов.
Түүнчлэн шинжлэх ухаан, технологи, инновац, мэдээллийн технологи, цахим шилжилт зэрэг салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд “Монгол, Вьетнамын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны дэд комиссын IV хуралдаан”-ыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Мөн хоёр улсын иргэдийн харилцан зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийн солилцоог дэмжих, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын хамтарсан арга хэмжээг зохион байгуулах боломжийг үргэлжлүүлэн судлахаар санал нэгдэв.
Энэ удаагийн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болж, талууд хуралдааны дүнгээр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр ложистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай Протоколд гарын үсэг зурав.
Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны гол механизм бөгөөд 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан 18 дугаар хуралдаанаас эхлэн төлөөлөгчдийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл дагалдаж, хоёр тал бизнес уулзалт зохион байгуулдаг уламжлалтай болж байна.
Энэ удаагийн хуралдааны хүрээнд Монгол, Вьетнамын хөдөө аж ахуйн салбарын бизнес уулзалтыг мөн зохион байгуулж, вьетнамын талаас хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, мал, амьтны эм, вакцин болон далайн гаралтай бүтээгдэхүүн, цай, кофены экспорт, импортын чиглэлээр манай аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхол бүхий 7 аж ахуй нэгжийн төлөөлөл, монголын талаас өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ Вьетнам Улсын зах зээлд нийлүүлэх, цаашид хамтран ажиллах хэтийн зорилтыг дэвшүүлж буй 10 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл тус тус оролцлоо. Мөн зарим аж ахуйн нэгж хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
-
Өчигдөр 10 цаг 36 мин
-
Өчигдөр 10 цаг 33 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 10 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 36 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин