Д.РЭГДЭЛ: Монголын төр 32 жилийн дараа ЭРДЭМТДЭЭ ДЭМЖИЖ, төрийн үйл хэрэгт ашиглаж байгаа нь ТҮҮХЭН ҮЙЛ явдал
Ярилцлага
/
2024-07-10

Монголын эрдэмтдийн төлөөлөл болж, төрийн их үйл хэрэгт оролцох болсонд баяр хүргэе. Зуншлага сайхан уу?

Зуншлага тавтай сайхан байна. Монгол нутаг даяараа дэлгэр сайхан зун болох нь. Энэ сайхан жил УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж, үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар миний бие анхдугаар чуулганы нээлтийн хуралдааныг даргалж явуулсандаа баяртай байна. Монголын төр эрдэмтдээ анхаарч, хууль тогтоох, бодлого боловсруулах их үйл хэрэгт оролцуулах түүхэн боломжийг нээж, шинжлэх ухааны салбарын төлөөллийг 126 гишүүний тоонд багтаасанд туйлын олзуурхууштай хандаж байна. Энэ бол маш том хүндлэл, том итгэл найдвар. 
 

Анхдугаар чуулганы нээлтийн хуралдааныг даргалж, удирдана гэдгээ хэзээ мэдэв. Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн хүн чуулганыг даргалахыг харах бахархууштай сайхан байлаа...

УИХ-ын сонгуулийн дүн 2024 оны 06 сарын 28-ны шөнө гарсан. Шинээр бүрдэх парламентын хамгийн ахмад нь гэдгийг 29-ний өдөр тодорхой болсон. Анхдугаар чуулганы нээлтийн хуралдааныг хэн хэрхэн удирддагийг би мэдэхгүй. Ямартай ч ийм үүрэг хүлээж нээлтийн хуралдааныг удирдах хувь тавилан тохиосонд их баяртай байна. Тэр тусмаа шинжлэх ухааны эрдэмтдийн төлөөлөл нээсэн нь билэгшээлтэй зүйл. Яагаад гэвэл Монгол улсын хөгжлийн үе шат бүхэн шинжлэх ухаан, технологи дээр суурилж, ахиж дэвшиж явдаг учиртай. Өндөр хөгжилтэй улс орны гол түлхүүр нь тухайн орны шинжлэх ухаан технологийн үндэсний чадвахд суурилсан байдаг. Энэ үндэсний чадавх хэр том цар хүрээтэй вэ гэдгээс улс орных нь хөгжил шууд хамаардаг. Улс орнууд өрсөлдөх чадварыг гол шалгуур нь шинжлэх ухаан технологийнхоо ололтыг үндэслэдэг. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын технологиудыг аль нь сайн нэвтрүүлж, хэрэгжүүлж байна гэдгээс хамаардаг. 
 

Манай улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил тийм ч хангалттай биш. Харин олон эрдэмтэн УИХ-ын гишүүдтэй болсонд олзуурхан дэмжиж байгаа. Та хэд маань энэ салбараа уналтаас гаргаж чадах болов уу...?

Манай улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн потенциаль сайн ч төрийн дэмжлэг, бодлого үнэхээр тааруу. Бид энэ улсуудын араас яваад шинжлэх ухааны хөгжилд хүрэх нэг арга байгаа ч хугацаа шаардана. Нөгөөх нь зөв замаар угтаж очиж хөгжлийн тодорхой түвшинд нь уулзана гэсэн хоёр гол концевц байдаг. Энэ хоёрын аль замаар явсан бид хүрэх боломжтой. Манай улс технологийн хөгжил дэлхийн дунджаас доогуур үзүүлэлттэй. Маш хангалтгүй. Гэхдээ энэ парламентад өмнөхөөсөө олон эрдэмтэн орж ирсэн учраас Монголын шинжлэх ухааны салбар цаашдаа хөгжих том алхам нээгдлээ гэж сайнаар харж байгаа. Сүүлийн 34 жилийн түүхийг эргэн харвал яг шинжлэх ухааны төлөөлөл гэж зориудаар УИХ-д суусан анхны тохиодол байх. Энэ бол түүхэн үйл явдал. МАН-аас улсын хөгжилд ЭРДЭМТДИЙНХЭЭ ХҮЧИЙГ АШИГЛАЯ гэдэг зоригтой, том бодлого гаргаж чадсанд баяртай байна. 2024 оны 06 сарын 10-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинжлэх ухааны академийн байранд өөрийн биеэр ирж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд эрдэмтийн цалин хангамжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх, оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлнэ гэсэн дөрвөн гол зүйлийг заасан. Хамгийн чухал зүйл нь шинжлэх ухааны салбарт эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ёстой. 2028 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувийг шинжлэх ухааны салбарт олгоно гэж заасан. Энэ зорилт нь биелэчихвэл болох нь тэр. Хоёр хувь гэдэг бол дэлхийн хэмжээний үзүүлэлт.

Дэлхийн ДНБ-ний 2,2 хувь нь шинжлэх ухаан, технологийн арга хэмжээнд зарцуулагдаж байна. Хамгийн өндөр нь 4,6 хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг Азийн хоёр улс бий. Өмнөд Солонгос, Изриаль хоёр. Манай улс шинжлэх ухааны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаараа хамгийн сүүлд ордог. 
 

Яг одоогийн бодит тооцооллоор хэдэн төгрөг олгож байгаа нь нууц биш биздээ?

Манай улс шинжлэх ухааны салбартаа 2023 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0,1 хувийн санхүүжилт өгсөн. Дэлхийн дунджаас 20 дахин бага үзүүлэлт. Ийм бага мөнгийг 2028 он гэхэд дэлхийн жишигт хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Үндсэндээ Монголын төр иргэдийнхээ оюуны бүтээлийг үнэлдэг, дэмждэг, хөгжүүлдэг, эрдэмтдээ сонсдог болох нь гэж гэрэл гэгээтэйгээр харж байна. Их өндөр хүлээлт үүсгэчихсэн сууж байна. Тийм үр дүнд хүрэхийн тулд өөрийн мэддэгээ ч бас хуваалцахаар энд сууж байна даа, өвгөн ах нь. 
 

Танд баярлалаа. Сайхан наадаарай. 

Та бүхний ажилд амжилт хүсье. Дэлгэр сайхан наадаарай. 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.121.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.