ХЗБХ: Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо
Үйл явдал
/
2 цаг 22 мин

Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр товлосон тухай хуралдаан даргалагч Дам.Цогтбаатар хуралдааны эхэнд танилцуулав. Тэрбээр ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналтай гишүүд байгаа эсэхийг лавлаад, өөрөө горимын санал гаргав.

Хууль зүйн байнгын хороонд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулах саналыг Байнгын хорооны дарга гаргалаа. Уг саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ. 

Ингээд Байнгын хорооны хуралдаан хоёр дахь асуудал буюу Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонссон юм. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр тайланг танилцууллаа. Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам”-ын 6-д заасны дагуу цахим системд хяналтад байгаа, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хамаарах 49 шийдвэрийн 341 заалтын биелэлтэд 2025 оны эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн. Уг үнэлгээг Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нээлттэй цахим санд ирүүлсэн тайлан,  мэдээллийн их өгөгдлийн датад үндэслэн хийхдээ анхан шатны нэгж, сум, дүүрэг, аймаг, нийслэл, агентлаг, яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үнэлгээний тайланг шат дараалан нэгтгэн гүйцэтгэсэн гэв.

Анх удаа бүх шатны оролцоог хангасан арга хэмжээ болсон. Шийдвэрүүдийн биелэлтэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийлээ. 2025 оны жилийн эцсийн байдлаар Хууль зүйн байнгын хорооны 49 шийдвэрийн 341 заалтыг яам, агентлаг, аймаг, нийслэлд хэрэгжүүлж ажилласан бөгөөд биелэлтийн дундаж 82,7 хувь байна. Нийт 210 заалт байгаагаас 78 нь хэрэгжсэн, 18 заалт хэрэгжих шатанд, 15 нь хэрэгжээгүй, 20 заалт хэрэгжих боломжгүй гэж үнэлэгдсэн байна. Жилийн эцсийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн болон бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, шийдвэр гарсан, тухайн шийдвэр хүчингүй болсон зэрэг шалтгаанаар 210 заалтыг Засгийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сангийн хяналтаас хасах үндэслэлтэй гэж үзэж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаа. Тайлант хугацаанд хэрэгжээгүй шийдвэрүүд нь төрийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалсан гэж дүгнэснийг танилцуулгадаа Б.Энхбаяр сайд дурдав.

Тэрбээр үргэлжлүүлэн, төрийн байгууллагуудын түвшинд хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдэж чадаагүй, салбар хоорондын ажлын уялдаа сул, бүтцийн өөрчлөлт олон удаа хийгддэг, төсөв, хөрөнгө оруулалтын эрэмбэ дараалал хангалтгүй, бодлогын болон хүний нөөцийн тогтворгүй байдал зэрэг нь хууль тогтоомжийн биелэлтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтийн 2025 оны жилийн эцсийн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэнтэй холбогдуулан Засгийн газрын гишүүд, агентлагуудын дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэн салбар хоорондын уялдааг хангах, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, иргэдийн ахуй амьдрал, салбаруудын хөгжлийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж буйг үнэлж тооцож ажиллах, давхардал, хийдэл, зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх, их өгөгдөлд суурилсан үнэлгээ хийх, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг бодит цагт хянах, ил тод болгох чиглэлээр цахим шинэчлэл хийх санал боловсруулж танилцуулахыг даалгасан хэмээн танилцууллаа.

Мөн хууль тогтоомжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгасан. Цаашид төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийн талаар баримтлах бодлогыг эргэн харж, шинэчлэн сайжруулах үндэслэл бий болсон гэлээ.

Түүнчлэн хууль тогтоомжийн биелэлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын түвшинд анхаарах асуудал гэвэл Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог, сонгодог байгууллагуудын тайлагнах үйл ажиллагааг гүйцэтгэлийн байгууллагуудын түвшинд уялдуулж, нэгдсэн байдлаар тайлагнах боломж бүрдүүлэх, Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүд бүхий нэгдсэн бүртгэлийн систем үүсгэн Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сантай уялдуулах, шуурхай түгээх, хэрэгжилтийн биелэлтийг цахимаар хянах, бодлогын баримт бичиг дэх зарим заалтын давхардлаас зайлсхийж, тогтоол хэлбэрээр албажуулах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зүйтэй байна хэмээв. Хууль зүйн байнгын хороонд хамаарах нийт 342 заалтыг хиймэл оюунаар шинжилж үзэхэд, 0,9 хувь нь хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин үүрэгжүүлсэн заалт байсан бол 39.8 хувь нь тогтоолын хэрэгжилтийг давтан баталгаажуулсан, 6.1 хувь нь бодлогын баримт бичигтэй агуулга огтлолцсон гэсэн дүн гарсан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга илтгэсэн юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, хуулийн хэрэгжилтийг тайлагнахдаа бодит амьдралд нийцүүлэн, үр дүн талаас нь авч үзэж, бодлогын хүрээнд ажилласнаа, хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийдэг байх, UPR буюу НҮБ-ын хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн дагуу тайланг гаргахдаа, мэдээллийн цахим нэгдсэн санг ажиллуулж байгаа эсэх асуудлыг тодруулав.

Хуралдааны үеэр хүний эрхийн олон улсын гэрээний монгол хэлээрх орчуулгыг сайжруулан албажуулах, хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтийн биелэлтийг хянадаг цахим мэдээллийн санг ажиллуулах, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, гишүүн орнуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийн биелэлтийн талаар хөндөн хэлэлцлээ.


Хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийн тайланг өмнөх онуудынхтай харьцуулахад, илүү дээрджээ гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар асуулт асууж, үг хэлэхдээ онцлов. Тэрбээр, парламентын гурван чиг үүргийн нэг нь хяналтын чиг үүрэг байдаг учраас цаашид энэхүү тайлангаа илүү үр дүнд суурилсан байдлаар боловсруулж хэвших нь чухал гэв.

 

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, аливаа ажилд сэтгэлгүй бол урагшлахгүй. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах асуудлыг олон жилийн өмнөөс хөндсөн ч биеллээ олоогүй хэвээр байна. Ер нь цаашид бид хууль батлах хэрэг байна уу, хэрэгжүүлдэггүй шийдвэрүүдэд хэн хариуцлага хүлээх вэ гэж асуув.

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, 2025 онд баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд хуулиас давсан журам, дүрмийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэгцлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн. Биелэлт хэр явцтай байна вэ гэсэн асуултыг тавилаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар асуултад хариулахдаа, одоогоор нэгтгэсэн тайланг гаргаагүй ч эрчимжүүлэх үүргийг өгсөн байгаа гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Байнгын хороо хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг гурав дахь удаагаа сонсож байна. Энэ бол маш чухал механизм юм. Улсын Их Хурал баталсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих нь зүйн хэрэг. Тиймээс хүмүүсийн амьдралд ямар үр дүн гарч буй талаас харж дүгнэх чухал гэв. Мөн Улсын Их Хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2026 онд ирүүлсэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д бичсэнээр бол хуулийн хэрэгжилт тааруу байгаа нь үнэн эсэхийг тодруулав.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланд Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээг товч танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын өмнөх тайлангуудтай харьцуулахад ахиц гарсан байна хэмээн ерөнхийлөн дүгнэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт дунджаар 75.4 хувьтай байгаа нь өмнөхтэй харьцуулбал 26.3 нэгж хувиар өссөн үзүүлэлт боловч нийт шийдвэрийн биелэлт хангалтгүй байна гэв. Иймд холбогдох эрх зүйн акт, журмыг боловсруулж, батлуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланд хийсэн дүн шинжилгээгээр бол төрийн зарим байгууллага тайлангаа боловсруулахдаа хууль тогтоомжид тусгасан гол үр дүнг бүрэн тайлагнадаггүйгээс шийдвэрийн биелэлтийн үнэлгээ, тайлагналын чанарт зөрүү үүсэх нөхцөл бүрдсэн. Улсын Их Хурлын шийдвэрийн 90 гаруй хувь нь Засгийн газарт, үлдсэн хувь нь Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад үүрэг, чиглэл болгосон байгаа тул шийдвэрийн бүртгэл, хяналтыг сайжруулах арга хэмжээ авах, УИХТГ-аас хүргүүлсэн хяналт тавих шаардлагатай хууль тогтоомжийн мэдээллийн бүртгэл шинэчлэгдээгүй, зөрүүтэй хэвээр байгаад анхаарч, бүртгэлийн нэгдмэл байдлыг хангах, сахилга хариуцлагыг сайжруулах, шийдвэрт заасан хугацаанд шийдвэрийн биелэлтийг танилцуулах саналыг Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад, Хууль зүйн байнгын хороонд тус хорооны эрхлэх асуудлын хүрээний 20 хуулийн 58 заалт, Улсын Их Хурлын 13 тогтоолын 26 заалт, Байнгын хорооны 4 тогтоолын 20 заалт, нийт 37 шийдвэрийн 104 заалтыг хяналтын бүртгэлээс хасуулах саналыг шийдвэрлүүлэх саналыг ирүүлсэн ажээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, үр дүнд суурилж тайлагнадаг болох, олон улсын индексүүдээр хэмжүүр болгох, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Хууль тогтоомжийн тухай хуультай мөртлөө хууль хэрэгжих боломжгүй гэсэн тайлбар өгч байгаа нь хууль дээдлэх ёс хаана явна вэ, мэдээллийн ил тод байдал, төсвийн тухай хуулийн дагуу бүх шийдвэр ил байна уу гэсэн асуулт тавьсан.

Цаашид энэхүү тайланг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах саналыг Х.Баасанжаргал гишүүн гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, төрийн чиг үүрэг хэрэгжүүлж буй албан тушаалтнууд хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч,  хариуцлагатай ажиллахыг сануулж байлаа. Байнгын хорооны гишүүдийн зүгээс шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцүүлэхэд хэт өргөн бүрэлдэхүүнтэй ирж буйг шүүмжилж, төрийн үйлчилгээг тасалдуулахгүй байхад анхаарах асуудлыг хөндсөн.

Ийнхүү тайланг сонссоноор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.