Хотын удирдлагууд саяхан Улаанбаатар хотын 385 жилийн ойг нүсэр тэмдэглэж, УИХ-ын гишүүдэд 800 мянгын бэлэг тараасан. Төд удалгүй өнөөх УТАА, ТҮГЖРЭЛ, ӨВЧЛӨЛДӨӨ дахиад л дөнгөлүүлэв. Улаанбаатар хотыг анх 600 мянган иргэн л оршин суух боломжтой хэмээн зөвлөлтийнхөн тооцож, зам харгүй, дэд бүтэц, байшин барилгын хорооллыг нь төлөвлөсөн байдаг. Гэтэл өдгөө 1,8 саяулаа болж хүн амын төвлөрөл нэмэгдсэн. Үүнийг дагаад АГААРЫН БОХИРДОЛ, АВЛИГАЛ, АВТОЗАМЫН ТҮГЖРЭЛ, АЮУЛТ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ гаарсан.
Улаанбаатар хотод албаны ёсны бүртгэлтэй 1.6 сая хүн аж төрж байна. 2019-2021 оны хооронд л гэхэд Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэд 78 мянгад хүрчээ. Тодруулбал, 2019 онд 13.000, 2020 онд 39.500, 2021 онд 25.700 орчим иргэн шилжилт хөдөлгөөн хийж, Улаанбаатар хотын харьяат болсон байна. хотын хүн ам механикаар жилд дунджаар 45 мянгаар нэмэгдэж байгаа. Ердийн өсөлт 30-35 мянга байна. Ингэхээр хотын хүн ам жилд 70-80 мянгаар өсөж байна гэсэн үг. Мөн автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг.
Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болоод удлаа. Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засаг, тээвэр, ложистик, худалдаа, эдийн засгийн гол зангилаа. Түгжрэл, төвлөрөл гээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэж чадвал улсын асуудал шийдэгдэнэ. Нийгэм, эдийн засгийн 63, эдийн засгийн 70, аж ахуйн нэгжийн 77 хувь буюу 150 мянга нь, их, дээд сургуулийн 95, хүн амын 53 хувь нь нийслэлд байна.
2024 он гэхэд автозамын түгжрэлийн улмаас алдагдсан боломж ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна. Нийслэлийн оршин суугч өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 34 өдрийг замын түгжрэлд өнгөрөөж байгаа юм. Хотын автозамын 78 хувь нь түгжрэлтэй байгаа бөгөөд нэг км автозамыг туулахад дунджаар 10 минут зарцуулж байгаа судалгаа гарчээ.
Олон улсын аргачлалаар тооцоход, 2020 онд Улаанбаатар хот түгжрэлийн улмаас 2.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бол 2010-2021 оны хооронд 11.8 их наяд, ирэх таван жилд 24.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. 2010 онд Улаанбаатар хотын автозам 954 км байхад дундаж хурд 34 км/ц байсан. Тэгвэл өнөөдөр 1136 км авто замтай, дундаж хурд 8 км/ц байгаа бол 2025 он гэхэд 1225 км автозамтай, тээврийн хэрэгслийн хурд явган хүнтэй ижил буюу 6 км/ц-ийн хурдтай болохоор байгаа юм.
Энэ асуудлыг дан ганц Улаанбаатар хотын Засаг захиргаа шийдэж чадахгүй байгаа тул сүүлийн жилүүдэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нийслэл рүү онцгой анхаарч, хөрөнгө санхүү, хүн хүч, бодлогын уялдаа зэргээр туслаж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо” гэгчийг байгуулж хотод САЙД хүртэл томилж, эхний удаад 420 тэрбумын дэмжлэг үзүүлсэн.
Гэсэн ч тэр мөнгө хумхын тоос мэт алга болж, зарим нэг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, сонгуулийн зардлаа босгон НИТХ-д төлөөлөгч болоод авсан. Шинээр бүрдсэн хамтарсан Засгийн газарт хотын түгжрэлийн асуудлыг “20 минутын хот” үндэсний хороонд шилжүүлж даргаар Дундговийн Гурвансайхан сумыг шинэчилсэн Р.Эрдэнэбүрэнг томилсон.
Сахил хүртээд шал дордов гэж эртний мэргэн үг бий. Үүн лугаа хотын иргэд сайтдай болоод ч тусыг эс олов. 420 тэрбум төгрөг нь хулхи ногоон автобус болоод царцчихсан. Р.Эрдэнэбүрэн сайдаас ч шинэ шийдэл гарахгүй нь. Түүний илэрхийлсэн нэг гайхалтай санаа нь “ТҮГЖРЭЛИЙН ТАТВАР” гэх шинэ төрлийн дарамт бий болгох явдал аж. Нохойн толгойг ширээн тавихаар шороон дээр өнхөрнө гэж үг бий. Сайд дарга болгож шагнасан ч иргэд иргэд рүүгээ “ХУТГА БАРИАД ДАЙРАХ” мэт айлгаж сүрдүүлсэн бодлого гаргахаа мэдэгдсэн нь анхаарал татав.
МАН, АН, ХҮН гурван намын мөрийн хөтөлтбөрт “ТАТВАРЫН РЕФОРМ ХИЙНЭ” гэсэн ерөнхий агуулга бий. Тэднийг нэгтгээд Засгийн газраас татварын шинэчлэл хийхээ мэдэгдээд байгаа. Тэгвэл Р.Эрдэнэбүрэн сайд Засгийнхаа эсрэг мэдэгдэл хийсэн болж таарав.
Хотын иргэд ч яасан түгжирч, бөглөрч ханадаггүй улс юм. Төрийн буруу бодлогын үйлийн үрийг эдлэж байгаа нийслэлийнхэн замын хөдөлгөөн автомашинтайгаа оролцож бөглөрч зогссоныхоо төлөө ӨРӨНД ОРЖ, ӨТӨНД БАРИУЛАХААР болж байгаа нь БУРХАНЫ ШИЙТГЭЛ гэлтэй. Япон, Солонгос, Америк, Бээжин зэрэг өндөр хөгжилтэй орнууд ч манайх шиг түгжрэхийн ЗОВЛОНГ туулсан. Тэдний түгжээгээ тайлсан шийдэл нь маш энгийн.
Улсын нийслэл, төв хоттойгоо адил хөгжих, бизнес, эдийн засаг, соёл, төрийн байгууллагууд нь нэг дор, иргэд амьдрах боломжтой дэд бүтэц бүхий ДАГУУЛ ХОТУУДЫГ олноор нь бий болгосон. Мөн МЕТРО, ХУРДНЫ ЗАМ, ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ зэрэгт төрөөс нь бодлогоор анхаарч, их хэмжээний хөрөнгө мөнгийг зөв замаар, системтэйгээр зарцуулсан. Үр дүнд нь ТЭД ТҮГЖРЭЛГҮЙ, ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛТЭЙ болсон. Хийх хүнд арга олддог, хийхгүй хүнд ШАЛТАГ олдоно гэж үг байдгийг сануулахад илүүдэхгүй биз... !!
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин