Монголын төрийг барьцаалсан Мобикомоос Нөмрөгийн талыг шатаасан нөхөн төлбөрийг гаргуулж чадах уу ?
Д.Оюунболд
Нийтлэл
/
39 мин

Монгол Улсын зүүн хязгаар буюу Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт орших Нөмрөгийн дархан цаазат газрын түймэр  олон улсын анхаарлын төвд орж, Хятадын төрийн хэвлэлүүд Японы харилцаа холбооны KDDI компани болон холбогдох хариуцлага хүлээх этгээдүүд Бээжингээс уучлалт хүсэх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Уг түймэртэй холбоотойгоор Монголын үүрэн холбооны хамгийн том оператор Мобиком корпораци болон түүний толгой компани болох Японы KDDI группийн удирдлагуудын нэр холбогдоод байгаа юм.

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон компанийн мэдээлснээр тухайн үед удирдлагууд бүс нутагт 4G сүлжээний туршилт хийх зорилгоор ажиллаж байсан ч түймрийн шалтгаан, хариуцлагын асуудлыг эрх бүхий байгууллагууд шалгаж байгаа тул үйл явдлын нөхцөл байдлыг албан ёсны дүгнэлтээр нягтлах шаардлагатай юм.

Хятадын төрийн мэдлийн Global Times сонин болон бусад хэвлэл аравдугаар сарын 21–25-ны өдрүүдэд уг асуудлаар нийтлэл гаргаж, түймэр Хятадын хил орчмын бүсэд аюул учруулсан гэж мэдээллэв. Хятадын тал гал хил даван тархахаас сэргийлэхийн тулд 3,400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүч дайчилж, түймэртэй тэмцэх ажиллагаа явуулсан гэж тус улсын хэвлэлүүд онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын нутаг дэвсгэрт учирсан байгаль орчны нөлөөлөл болон зарцуулсан хүн хүч, нөөцийг харгалзан үзэж, Японы компани болон холбогдох этгээдүүд Бээжингээс уучлалт хүсэх ёстой гэж шүүмжилжээ.

Мобикомын гүйцэтгэх захирал Ясухиро Очи аравдугаар сарын 14-нд байгаль орчинд учирсан хохиролд харамсаж, Монголын ард түмнээс уучлалт хүссэн бол KDDI групп мөн уг асуудалд харамсаж буйгаа илэрхийлж, холбогдох талуудаас уучлалт хүссэн талаар мэдээллэсэн байна. Гэвч Хятадын хэвлэлүүд компанийн зүгээс Хятадад учирсан нөлөөллийн талаар хангалттай байр суурь илэрхийлээгүй гэж шүүмжилжээ.

БНХАУ-ын хэвлэлүүдийн шаардлага нь Монгол Улсын Засгийн газраас уучлалт нэхсэн асуудал бус, голчлон Японы KDDI компани болон түймэртэй холбоотой хариуцлага хүлээх этгээдүүдэд чиглэж байгаа юм. 

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр нь зөвхөн уучлалт хүсэх эсэх асуудлаар хязгаарлагдахгүй. Түймрийн шалтгааныг бодит баримтад үндэслэн тогтоох, байгаль орчинд учирсан хохирлыг үнэлэх, буруутай этгээдийг хуульд заасан хариуцлагад татах нь нэн тэргүүний асуудал юм. Хэрэв Хятадын талд бодит хохирол учирсан нь тогтоогдвол түүнийг барагдуулах асуудлыг ч холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой биз.

Эцэстээ гэхэд байгаль орчны хохирол гэдэг мөнгөн торгууль төлөөд өнгөрдөг асуудал байж болохгүй бөгөөд хариуцлаг алдсан этгээдүүдэд хуулийн хатуу хариуцлага тооцохын зэрэгцээ байгаль орчны нөхөн сэргээх ажлыг бүрэн хэрэгжүүлэхийг шаардах  ёстой. Нөмрөгийн дархан цаазат газар бол хэн нэгний алдаа, хариуцлагагүй үйлдлийн золиос болоод орхигдох газар биш. Мобиком корпораци байгаль сүйтгэсэн бол нөхөн сэргээ !!! хариуцлаг алдсан бол хариуцлагаа хүлээ

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.