
Улсын Их Хурлын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох Улсын Их Хурлын тогтоолуудыг баталсан. Энэ дагуу өнөөдөр (2025.05.09) Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авч, Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа Үндэсний аудитын газар боллоо.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Монгол Улсын ерөнхий аудиторыг томилж, чөлөөлсөнтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Улсын Их Хурлаас холбогдох хуулийн дагуу шинэ томилгоо хийснийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дурдаад “Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай” Улсын Их Хурлын 2025 оны 39 дүгээр тогтоол болон “Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 40 дүгээр тогтоолуудыг бүрэн эхээр нь уншиж, танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна Төрийн аудитын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан, хуульч мэргэжилтэй гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга тэмдэглээд “Төрийн аудитын байгууллага нь хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримталж ажилладаг онцлогтой тул Улсын Их Хурал холбогдох хууль тогтоомжийг чанд баримтлан томилгоо хийсэн. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын нэг бөгөөд маш өндөр хариуцлага хүлээдэг. Та бүгд туршлагатай хамт олны хувиар шинэ удирдлагаа дэмжин ажиллаарай. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
“Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай” Улсын Их Хурлын 2025 оны 39 дүгээр тогтоол болон “Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 40 дүгээр тогтоолуудыг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа тул ийн танилцууллаа






Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 09 мин
-
Уржигдар 20 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 08 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин