Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон нь суралцахуйн бэрхшээлтэй, хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн суралцах хэрэгцээнд нийцсэн хичээлээс гадуурх танхимын сургалт, дэмжлэгийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын AI PLEDO системд суурилсан англи хэлний анхан шатны хоёр сарын хүртээмжтэй сургалтын загвар төслийг эхлүүллээ.
Уг төсөл нь Баянгол дүүргээс 2026–2028 онд хэрэгжүүлж буй “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд 2026–2027 оны хичээлийн жилд суралцахуйн бэрхшээлтэй, хөгжлийн ялгаатай 80 хүүхдийг хамруулан, AI PLEDO ухаалаг блок болон интерактив технологид суурилсан сургалтын арга зүйг туршин нэвтрүүлэх юм.
Төслийн гол онцлог нь хүүхэд бүрийг нэг ижил арга барилаар сургах бус, суралцахуйн түвшин, хэрэгцээ, чадвар, онцлогт нь нийцсэн сургалтын арга зүй, дэмжлэгийг хэрэгжүүлэх ба дижитал технологи, интерактив хэрэглэгдэхүүн, тоглоомд суурилсан болон оролцоог дэмжсэн аргачлалыг ашиглан хүүхэд бүрийн суралцах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэхүү төслийн хүрээнд англи хэлний мэдлэг, чадварын ахицыг үнэлэхийн зэрэгцээ хүүхдийн сургалтын оролцоо, харилцаа, бие даан суралцах чадвар, нийгмийн оролцоо болон сургалтын орчны хүртээмжийг дэмжихэд анхаарч ажиллана. Мөн хэрэгжилтийн явцад хуримтлуулсан туршлага, хүүхэд бүрийн ахицын үнэлгээнд үндэслэн хүртээмжтэй сургалтын арга зүйг боловсронгуй болгох юм.