Төлөөлөгч Ү.ОЮУНЗУЛ нийслэл хотоо НОГООН ХОТ болгох санал дэвшүүлжээ
Батхуяг
Үйл явдал
/
48 мин

НИТХ-ын төлөөлөгч, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ийн захирал Ү.Оюунзул дараах шийдлийг танилцуулжээ. Тэрбээр бичихдээ "2026 оны 10 сарын 29-ны өдөр нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой тохиох гэж байна. 1 сая 600 мянга гаруй хүн амтай их хотын иргэд бидэнд асуудал бэрхшээл их байдаг ч түүнийг давах, шийдэх зорилго, хийх ажил бүр их байгаа. Энэ удаад бидний нэгэн зорилго болох НОГООН ХОТ бүтээх тухай олон хотуудын туршлага жишээн дээр тулгуурлан товч өгүүлье.

Дэлхийд НОГООН ХОТ гэх тодорхойлогддог, жагсаалтын эхний 10-д эрэмбэлэгдэж байгаа хотуудын дурдвал,

1. Дани – Копенгаген хот

2. Сингапур улс

3. Швейцарь – Цюрих хот

4. Швед – Стокгольм хот

5. Канад – Ванкувер хот

6. Норвеги – Осло хот

7. Нидерланд – Амстердам хот

8. Исланд – Рейкьявик хот

9. Словени – Любляна хот

10. Австрали – Мельбурн хот нэрлэгдэж байна.

Тэгвэл эдгээр хотууд НОГООН хэмээх тодотгол авсан нь,

Улс болон хотын урт хугацааны ногоон бодлого, оновчтой хөрөнгө оруулалтын үр дүн. Мөн иргэд нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, байгальд ээлтэй сонголт хийх хандлагатай.

Цахилгааны асуудлаа сэргээгдэх эрчим хүч болон салхин цахилгаан станц зэргээр шийдсэн, нийтийн тээврийн оновчтой тогтолцоотой, цахилгаан автомашин, унадаг дугуйг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Мөн хог хаягдлыг дахин боловсруулдаг, эрчим хүч гаргаж авдаг.

Усаа хамгаалж, дахин боловсруулна. Цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор нь байгуулсан зэрэг бодитой бөгөөд үр дүнтэй, байгальд ээлтэй технологи, шийдлүүдийг нэвтрүүлж, хотын иргэд өдөр тутамдаа амьдралдаа хэвшүүлсэн зэрэг нь үр дүнгээ өгч НОГООН ХОТ хэмээх тодотгол авчээ.

Тэгэхээр бид,

Нэг. Дэлхийн хамгийн хүйтэн хэмээх тодотголтой хотын хувьд бүтээн байгуулалт хийх, ногоон байгууламж бүтээх хугацаа богино. Энэ хугацаанд амжиж нийтээрээ мод тарьж, арчилж ургуулах, ногоон байгууламж бүтээх ажлаа илүү эрчимжүүлэх шаардлагатай. Манай хотын 1 иргэнд дунджаар 5-6 м2 ногоон байгууламж ноогддог, Олон Улсын стандарт нь 24 м2 байдаг. Энэ тоог бодитой нэмэгдүүлж чадвал амьдрах орчноо сайжруулж, агаар, орчин, хөрсний бохирдлын асуудлаа тодорхой хэмжээнд бууруулж чадна.

Хоёр. Нийслэлд хэрэгжих Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэчнээн их дэмжиж байв. Уг нь анхны төлөвлөлтөөрөө бол бид үр дүнг нь үзээд эхэлчих хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь удааширсаар. Нийтийн тээврийн метро ч бай, LRT ч бай, Sky Shuttle төслүүдээ бодитой урагшлуулмаар байна. Дугуйн замуудыг нэмж байгаа нь маш зөв. ЗГ-ын Ногоон өртөө бодлогын хүрээнд хийгдэж байгаа цахилгаан машин цэнэглэгчүүдийг дэмжээд л байгаа. Манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр л гэхэд 2 байршилд Ногоон өртөө хэрэгжих гэж байна. Иргэдийн сонголт дийлэнхдээ алхах, дугуй унах, нийтийн тээврээр үйлчлүүлэх, цахилгаан машин унах болно гэж найдаж байна.

Гурав. Өнгөрсөн 3-р сард Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид нийт хэрэглээнийхээ 98 орчим хувьд газрын гүний ус ашиглаж байна. Усны хомсдолтой нүүр тулсан улс, хотууд сонсвол цочихоор тоо л доо. Хаягдал ус дахин боловсруулах, саарал усны хэрэглээг нэмэхгүй бол 30 хүрэхгүй жилийн дараа ундны усгүй болох аюул байгаа.

Миний хот, чиний хот гэсэн ойлголт байхгүй, бидний хот л гэж бий. Улаанбаатар хотын иргэд бид нэг л газар оршиж, нэг агаараар амьсгалж, нэг хоолойгоор ус ууна. Иймд их хотоо НОГООН ХОТ болгохын төлөө бодлого, үйл ажиллагаагаа уялдуулан, төр нь ч, хувийн хэвшил, иргэд маань ч идэвхтэй, хариуцлагатай ажилламаар байна гэж нийслэл Улаанбаатар хотынхоо 387 жилийн ойг угтан уриалмаар байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.