
21 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёр улсын хилийн шугам дээр талуудаас баганат гүүрний анхны шон суурийн өрөмдлөгийг албан ёсоор өнөөдөр эхлүүллээ
Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулан, Монгол Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан.
Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Зам тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулан, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолыг хятадын талтай хамтран зохион байгуулсан нь Монгол, Хятад хоёр улс 1955 оноос хойш 70 жилийн дараа 2 дахь боомтыг төмөр замаар холбох түүхэн үйл явдал болсон.
2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр "Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-иуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний төслийг эцэслэн тохирч, гарын үсэг зурж баталгаажуулсан. Ийнхүү өнөөдөр 21 жилийн хугацаанд яригдаж, хүлээгдэж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёр улсын хилийн шугам дээр хоёр талаас баганат гүүрний тулгуурын шон сурийн анхны өрөмдлөг эхэллээ. Энэ хил дамнасан төмөр зам нь инженерчлэлийн төвөгшил ихтэй, хилийн бүс дотор хийгдэж байгаа зэрэг нь барилгын ажилд нилээд олон бэрхшээл, сорилттой байх хэдий ч 22 сарын дотор дуусгаж төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлнэ.
Уг төмөр зам байгуулагдсанаар 80 гаруй жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол, Хятад хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болж, хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн олон салбарын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөгжлийг хөдөлгөх гүүр болох юм.
Цаашид Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, улмаар Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.долларт хүрэхэд чухал ач холбогдолтой.
Ган зам зурайж, галт тэрэг нь хурдлах болтугай.






Холбоотой мэдээ
-
10 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Уржигдар 08 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Уржигдар 08 цаг 11 мин
-
2025-06-09