
Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ноос зохион байгуулдаг "Грассрүүтс" аварга шалгаруулах тэмцээн МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдөр (2025.06.19) U11 насны ангиллын тэмцээний финалын шатны тоглолтууд явагдаж, шилдгийн шилдэг багууд тодорлоо. МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар “Грассрүүтс” U11 насны ангиллын тэмцээний хаалтын ажиллагаанд оролцож, шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээний ач холбогдлыг онцлоод, ирээдүйн хөлбөмбөгийн итгэл найдварыг тээгч 11 насны бяцхан тамирчиддаа спортын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Мөн тэрбээр Монголын Хөлбөмбөгийн Холбоо ирэх есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд Боловсролын яамтай хамтран түүхэндээ хамгийн өндөр буюу 200 сая төгрөгийн шагналын сантай "Ирээдүйн Марадона" тэмцээнийг Монгол Улсын 333 сум, 21 аймаг, 3 хотын ЕБС-ийн сурагчдын дунд, нас насны ангиллаар зохион байгуулах болсон талаар мэдэгдэв. Цаашид Монголын хөлбөмбөгийн хөгжлийг шинэ түвшинд гаргахын зэрэгцээ шагнал нь эзэндээ очдог байх ёстойг онцлов. Мөн удахгүй дэлхийн томоохон алдартай хөлбөмбөгийн академи Монгол Улсад нээгдэх болсон тухай сайхан мэдээг бяцхан тамирчиддаа дуулгалаа.
Зургадугаар сарын 16-ны өдөр эхэлсэн U11 насны ангиллын тэмцээнд нийт 41 баг оролцож, 8 хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Хэсэг бүрийн тэргүүлэгч багууд финалд шалгарч өрсөлдсөнөөр шилдгүүд тодорсон юм. “Грассрүүст” U11 насны ангиллын тэмцээний аваргаар "Дэрэн цэнхэр" баг шалгарч, алтан медаль, аваргын цомын эзэд боллоо. Хоёрдугаар байрыг “Дархан Сити” баг эзэлж, мөнгөн медаль хүртлээ. Гуравдугаар байрт “Ховд Вестерн 1” баг шалгарч, хүрэл медаль хүртсэн бол “Бишрэлт хоромхон” баг дөрөвдүгээр байранд орлоо. Тэмцээнд оролцсон бүх баг тамирчдадаа хөлбөмбөгийн спортод өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе! Ирээдүйд дэлхийн супер одод Монгол Улсаас төрөн гарах болтугай.






-
50 мин
-
23 цаг 17 мин
-
2025-06-15
-
Уржигдар 21 цаг 55 мин