МАН ирэх есдүгээр сард Их хурлаа хийхээр тов тогтжээ. МАН-ын дүрмээр Их хурлыг 45 хоногийн өмнө зарлах ёстой байдаг учраас ойрын хугацаанд Бага хурлаа хийж, Их хурлаа товлоно гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэллээ.
Тэрээр "Ойрын хугацаанд Бага хурлаа хийж, Их хурлаа зарлана. Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор манай нам намын дүрмээ шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
МАН Нийгмийн даатгал, бусад газруудад өр байгаа. Өмнө нь МАН асар их мөнгөтэй гэж ойлгодог байсан. Гэтэл бидэнд цалингаа тавихад хүртэл хүндрэлтэй цаг үе бий. Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхлэхээр намуудын санхүүжилт ил тод болно. Ингэснээр олон зүйлийн зангилаа тайлагдана. Мөн энэ жилээс намуудын санхүүжилтэд аудит хийж, ТББХ-оор хэлэлцдэг болсон. Хэрвээ улс төрийн намууд тайлангаа өгөхгүй, аудитад орохгүй бол үйл ажиллагааг нь түр зогсоогоод хугацаа өгнө. Хэрвээ энэ хугацаанд алдаагаа засахгүй бол татан буулгана" гэлээ.





