Агаарын тээврийг хялбаршуулах Ази, Номхон далайн бүсийн чуулга УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
З.Батхуяг
/
2 цаг 50 мин

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО), Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж буй “Агаарын тээврийг хялбаршуулах Ази, Номхон далайн бүсийн чуулга” 2025 оны 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Хялбаршуулах чуулгад бүс нутгийн 20 орноос 100 гаруй төлөөлөгчид, Олон улсын иргэний байгууллага, болон түүний Ази, Номхон далайн бүсийн салбар оролцож, хоёр өдрийн турш үр дүнтэй, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Тус чуулга нь дараах сэдвийн хүрээнд явагдаж байна.

• Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр, Зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх,

• Хил дамнасан хамтын ажиллагааг бэхжүүлэх,

• Зорчигчийн туршлагыг сайжруулах дижитал шийдлүүд,

• Аяллын баримт бичгийн аюулгүй байдал, зорчигчийн мэдээллийн систем,

• Хиймэл оюун ухаан, автоматжуулалт зэрэг шинэ технологийг нэвтрүүлэх.

Эдгээр хэлэлцүүлгийн явцад бүс нутгийн уялдаа холбоо, шинэ техник технологийг нэвтрүүлэх, бусад улс орнуудын технологитой нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах болон хилийн хяналтын байгууллагуудын харилцан уялдаа холбоог хангах талаар санал солилцож, туршлага судлах юм.

Тус чуулгыг нээж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Карлос Салазар хэлсэн үгэндээ “Далайд гарцгүй орнуудын хувьд тус чуулга нь өндөр ач холбогдолтой бөгөөд бүс нутгийн хэмжээнд улс орнууд хялбаршуулах бодлогыг амжилттай хамтран үр ашигтай хэрэгжүүлэх нь агаарын тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, хилийн хяналт шалгалтын давхардлыг арилгах, зорчигч ачаа тээшний эргэлтийг аюулгүй, хамгаалагдсан саадгүй хилээр нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Энэ удаагийн чуулга уулзалт нь бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд Ази, Номхон далайн бүсийн хилийн хяналт шалгалтыг аюулгүй, хамгаалагдсан, үр ашигтай хэрэгжүүлэхэд дижитал технологи биометрик датаг ашиглах зайлшгүй шаардлага тулгарч буй бөгөөд гадаад паспортын мэдээллийг ОУИНБ-ын Нийтийн түлхүүр санд холбох, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалах гэх мэт олон талын ач холбогдолтой.

Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд сүүлийн жилүүдэд агаарын тээвэр тасралтгүй өсөн нэмэгдэж буй бөгөөд үүнтэй зэрэгцэн бид зорчигч, ачааны эргэлтийг эрчимжүүлэхэд хялбаршуулах бодлогын эрх зүйн орчинг бий болгох шаардлага тулгарч байна. Иймд бид энэ форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулснаар Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын шилдэг сайн туршлагыг хуваалцах, мэргэжлийн экспертүүдээс зөвлөмж авах, хялбаршуулах чиглэлээр бүс нутгийн бусад улс орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.