Ерөнхий боловсролын 45-р сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 19 мин

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж дагуу ерөнхий боловсролын 45-р сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа. 

Тодруулбал, “Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийнхүү долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулсан байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн төвийн дүүргүүдэд зөвшөөрөлгүй түр болон байнгын байгууламж барих асуудал газар авч байна. Тухайлбал, уг байгууламж нь түр байршуулсан гэж байгаа боловч байнгын зориулалттай төлөвлөлттэй байна. Өөрөөр хэлбэл байнгын байсан нийтийн эзэмшлийн сандлыг ухаж аваад путик байрлуулсан нь түр байгууламждаа орохгүй. Энэ нь нийтийн өмчид халдсан төдийгүй явган хүний зорчих эрхийг хязгаарлаж байна. Хэрэв байнгын байгууламж барих гэж байгаа бол нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Боловсролын газар зэрэг холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой байсан. Иймээс уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч байна” гэв.  

Мөн зарим байгууллагууд үйлчилгээ эрхлэх эхний жилдээ үүдэндээ зөвшөөрөлгүйгээр терраса барьдаг. Удаах жилээс нь хашлага хийн, өргөтгөл барьж нийтийн эзэмшлийн талбайг хумьдаг. Иймээс цаашид нийтийн эдэлбэр газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулахаар бол нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авах шаардлагыг тавина. Өөрөөр хэлбэл дур мэдэн зөвшөөрөлгүйгээр энэ төрлийн үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Энэ хүрээнд өнгөрсөн саруудад нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг үе шаттай нүүлгэсэн. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. Мөн 57.4.-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасан байдаг гэдгийг тодотголоо.

Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хөдөлгөөнд саад учруулж, үзэгдэх орчин хязгаарласан хаяг, сурталчилгааны самбар, эд зүйлс байрлуулахыг хориглоно гэж заасан байдаг. Тэр ч утгаараа уг төслийг хэрэгжүүлэгчид нь нийслэлийн зам ашиглагч болон бусад холбогдох байгууллагуудтай зөвшилцөөгүй байна. Цаашлаад барьж буй байгууламж нь хотын ерөнхий төлөвлөлттэй уялдаагүй” гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.