
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ” болон “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр (2025.07.21) гарын үсэг зурлаа.
Бүгд Найрамдах Киргиз Улстай 1999 онд байгуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-нд гэмт этгээдийг шилжүүлэхтэй холбогдох харилцааг ерөнхий байдлаар зохицуулаад байсан юм.
Харин “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-нд уг харилцааг илүү тодорхой, нарийвчлан зохицуулсан бөгөөд харилцах эрх бүхий төв байгууллага, шилжүүлэн өгөх гэмт хэрэг, шилжүүлэн өгөхөөс татгалзах үндэслэл зэрэг гэмт этгээд шилжүүлэх ажиллагаанд хамаарах үндсэн асуудлаас гадна талууд гэрээний хүрээнд олж авсан аливаа мэдээлэл, баримт бичгийн нууцлалыг дотоодын хууль тогтоомжийн дагуу хадгалж, хамгаалахтай холбогдох зохицуулалтыг гэрээнд мөн тусгасан.
Энэхүү “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-г байгуулснаар хоёр улсын хууль хяналтын эрх бүхий байгууллагууд гэмт этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаар хоорондоо шууд харилцаж, шуурхай арга хэмжээ авч хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.
“Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаар нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих боломж бүрдлээ. Манай улс одоогийн байдлаар Чех, Бельги, Люксембург, Беларусь Улстай энэ төрлийн хэлэлцээрийг байгуулаад байна.






Холбоотой мэдээ
-
9 цаг 13 мин
-
9 цаг 13 мин