МОНГОЛ УЛС ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (COP17)-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Б.НОРОВНЯМ
/
2025-05-30

Даян дэлхийн ач холбогдолтой энэ арга хэмжээнд тус Конвенцын талууд болох 197 улс орны төлөөлөгчид, Төр засгийн тэргүүд, сайд нараас гадна олон улсын болон шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно. Энэ хурал нь цөлжилт, газрын доройтол, ган зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй харилцан уялдсан сорилтуудыг даван туулах бүхий л боломжит шийдлийг эрэлхийлэхэд чиглэнэ.

Монгол Улсын 1.56 сая км² нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртөөд байна. Хүрээлэн буй орчны гурамсан хямралыг даван туулахад газар ашиглалтын бодлого чухал үүрэгтэйг Монгол Улс хүлээн зөвшөөрч, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүч чармайлтад идэвхтэй оролцож, манлайлал гарган дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн.

Хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлын хүрээнд өндөр түвшний арга хэмжээ, тэр дундаа сайд нарын түвшний хэлэлцүүлэг, олон талт оролцогчдын чуулга уулзалт, шинжлэх ухаан ба бодлогын уялдаа, инновац, технологи, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэх сэдэвчилсэн форумууд зохион байгуулагдана. Энэхүү бага хурал нь салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, газрын тогтвортой ашиглалт, экосистем болон газрын нөхөн сэргээлт, “Газрын доройтлыг тэглэх зорилт”-ын хэрэгжилтийг ахиулах чухал алхам болох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.