Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2026.09.10) ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаан 14.39 цагт Улсын Их Хурлын 18 гишүүн хүрэлцэн ирснээр 56.3 хувийн ирцтэй эхлэв. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам даргаллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Байнгын хорооны хуралдаанд гишүүд тухайн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Э.Болормаа, Б.Хэрлэн, О.Алтангэрэл, Б.Батбаатар нар асуулт асууж, үг хэлэв.
Төрийн албаны цалингийн бүтэц, тогтолцоо болон нэмэгдлийн талаар тодруулсан гишүүдийн асуултад салбар бүрийн цалинг ялгаатай нэмэх шийдвэр гаргаснаас үүдэн цалингийн нэгдсэн бодлого алдагдаад байгааг З.Мэндсайхан сайд хариулаад “Цаашид цалин хөлсний бодлогыг нэгтгэх шаардлагатай. Засгийн газар ойрын хугацаанд холбогдох төслийг өргөн мэдүүлнэ. Үндсэн цалингаас бусад урамшууллыг бүтээмжтэй уялдуулах, цалин урамшууллын харьцаа 70:30 байх нь зүйтэй хэмээн үзэж байгаа” гэлээ. Төрийн албаны цалин хөлсний бодлогыг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэдэг мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэн өгөв. Төрийн алба чиг үүрэг, ачаалал, бүтээмж, үр дүнд суурилсан цалин олгодох байх зарчмыг баримтлахаар зөвлөлдөж байгаа хэмээсэн. Төрийн албаны цалингийн тогтолцоо, бодлого өдгөө 33 хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд доод тал нь 1.1 сая төгрөг, дээд тал нь 2.5 сая төгрөг байдаг аж. Цаашдаа үндсэн цалин нь ахиу байж, урамшуулал, нэмэгдлүүдийг салбар бүрийн онцлогт тохирсон хувилбат оруулахаар төлөвлөж байгаа гэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрийн 1072 хувьцааны талаар Засгийн газраас баримталж буй бодлого нь ирээдүйд сөрөг үр дагавар үүсгэх эрсдэл бий эсэхийг тодруулахад Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн энэ чиглэлээр баримталж буй Засгийн газрын бодлого нь олон улсын холбогдох жишигт нийцэж байгаа учир төсвийн тодотголын төслийг дагалдуулан холбогдох хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн гэдэг хариултыг өгсөн. Иргэд хувьцаагаа өмчилж, худалдаалах эрх нээгдсэнээс үүдэн нэг этгээд төвлөрөх эрсдэл бий учраас Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, нэг этгээдийн эзэмших дээд хэмжээ 5 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоож байгаа гэлээ.
Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажил, төсвийн талаар гишүүд асуусан. Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын ээлжит сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байгааг тус хорооны дарга Н.Мягмар хэллээ. Сонгуулийн санал тоолох дүнгийн 2500 ширхэг автомат машиныг 2012 оноос хойш 11 удаагийн сонгуульд ашигласан, шинэчлэхээр төлөвлөсөн аж. Холбогдох саналыг Сангийн яаманд хүргүүлж ажиллаж байгаа гэв. Ажлын хэсгээс 3000 төхөөрөмж шаардлагатай гэдэг санал, дүгнэлт гарсны дагуу 41.7 тэрбум төгрөгийн саналыг хүргүүлж 2026 оны төсөвт болбол 30 хувь буюу ойролцоогоор 900 орчим төхөөрөмж авах зардлыг батлуулжээ. Энэ дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаад 7 дугаар сарын сүүлээр төхөөрөмжүүдээ хүлээн аваад, үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөгчид техникийн шалгалт, баталгаажуулалтыг хийхээр одоо ажиллаж байгаа гэх мэдээллийг өгөв. Үлдсэн 2000 гаруй төхөөрөмжийг худалдан авах зардлыг ирэх оны төсөвт тусгасан, батлагдсан тохиолдолд ээлжит сонгуулиас өмнө буюу 2027 оны эхний улиралд багтаагаад бэлтгэл хангахаар төлөвлөсөн байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт мэдээлэл авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, О.Алтангэрэл, Б.Батбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ийнхүү Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо
Холбоотой мэдээ
-
12 цаг 17 мин
-
12 цаг 30 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 17 цаг 39 мин
-
Өчигдөр 17 цаг 31 мин
-
Өчигдөр 16 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 49 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 17 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 53 мин
-
12 цаг 17 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Уржигдар 12 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Өчигдөр 17 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 09 мин