Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзаж, ой, хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Монголын талаас дэд сайд Б.Мөнхтамир болон БОУАӨЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон бол Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Элчин сайд Ина Марчуличоните, Хамтын ажиллагааны дарга Адриен Мург, Төлөөлөгчийн газрын зөвлөх М.Ганчимэг нар оролцов.
Уг уулзалтаар талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Европын Хөрөнгө оруулалтын банк (EIB) хооронд байгуулсан хамтын ажиллагааны талаар ярилцла. Тодруулбал, Монгол Улсын ой, хөдөө аж ахуйн салбарын боломжит санхүүжилтийн талаар 2026 оны наймдугаар сарын 24-нд харилцан ойлголцлын захидалд гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах чухал алхам болсныг талууд онцлов.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан био эдийн засгийн судалгааны эцсийн хувилбарыг Монголын тал албан ёсоор хүлээн авлаа. Тус судалгааны үр дүн нь Монгол Улсын ой, хөдөө аж ахуй, мод боловсруулах салбарын хөрөнгө оруулалтыг хооронд нь уялдуулахын зэрэгцээ цаашид Европын хөрөнгө оруулалтын банкны боломжит санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Судалгаагаар ойн тогтвортой менежмент, мод боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын боломж болон био эдийн засгийн чиглэлээр Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй уялдуулан ажиллах боломжийг тодорхойлсон байна. Дэд сайдын зүгээс цаашид дээрх санхүүжилтийг бодит хөрөнгө оруулалтын төсөл болгон хэрэгжүүлэхэд шаардлагатай дараагийн алхмуудыг хамтран тодорхойлж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг нарийвчлан ажиллах сонирхлоо илэрхийлсэн.
Ийнхүү Монгол Улс ой, био эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, Европын хөрөнгө оруулалтын банкны боломжит санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөрт чиглүүлэх чиглэлээр Европын Холбоотой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
-
4 цаг 57 мин
-
6 цаг 49 мин
-
10 цаг 41 мин