Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нь хөдөөгийн иргэдэд хүндээр тусаж байна. Иймд гамшгийн эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, малчдын амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэхээр уг төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн нэн яаралтай горимоорхэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгалаа.
Энэ оны өвөлжилт, хаваржилтын  хүндрэлийн улмаас дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдоод байна. Энэ нь мал аж ахуйн салбарт гамшиг тохиолдож, эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учирсныг илтгэж байна.
 
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна
“Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх, малчид хөдөлмөрөө хорших, хоршоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхэд нь төрөөс зохистой бодлогоор дэмжих явдал гэж үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг боловсруулсан гэлээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино. Малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна. Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавх дээшилнэ. Байгальд ээлтэй, инновац шингэсэн, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжинө гэж үзэж байна.
 
Хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолно
Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
Тус тогтоолоор хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох асуудлыг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлэх,  тухайн жилийн улаанбуудайн өртгийн судалгаанд үндэслэн стандартын шаардлага хангасан дөрөвдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн жишиг үнийг жил бүрийн дөрөвдүгээр сард зарлаж, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК-д нийлүүлэх улаанбуудайн бодит үнийг  наймдугаар сард багтаан тооцож байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.
Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бордоо худалдан авсан үнийн дүнгийн 30 хүртэл хувиар, 2024 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгохоор шийдвэрлэлээ.
 
"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгажээ
"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  
Төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулжээ.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгасан байна.
 
Товч мэдээ
·      УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахална.
·      Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаанд танилцууллаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлтэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
·      Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2023 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.
·      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтлоо.
·      Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгоно. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.215.16.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.161.137) 2024-04-10 16:52:42
Malchdiihaaha zeeliig neg udaa tegleechee