Д.Отгонжаргал: "Тэнүүн-Огоо" компанийнхан анх оруулж ирэхдээ худал мэдүүлэг өгснөөс болж автобус нь хашаанд байна
Үйл явдал
/
2024-05-21

"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Надад байгаа мэдээллээр "Тэнүүн-Огоо" компанийн оруулж ирсэн дунд оврын 50 автобус гаалийн хашаанд түгжигдсэн байсныг Нийслэлийнхэн татварыг нь төлсөн талаар тодруулга авъя. Одоог хүртэл оруулж ирсэн дунд оврын автобусаа ашиглахгүй байгаад гайхаж байна. Тендерийн хууль зөрчсөн, гэрээ нь хүчингүй болох ёстой байтал дараагийн автобусаа нийлүүлнэ гээд та нар шүдээ зуугаад л зүтгээд байна. Гаалийн хашаанд хүлээгдэж байгаа 50 автобусны татвар болох 10.2 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёстой юу аль эсвэл чанар муутай, муу автобус оруулж ирснээрээ "Тэнүүн-Огоо" компани хариуцлага хүлээх ёстой юу, тодорхой хариулт өгмөөр байна" гэж бухимдав.

Түүний асуултад НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү "Гэрээг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй гэж ойлгож байна. Гэрээг хүчин төгөлдөр бус эсвэл хүчин төгөлдөр үү гэдгийг сонсголоор бус шүүх шийднэ. Хэн нэгэн гэрчийг буруутгах болон гэмт хэрэгт гүтгэх шинжтэй асуулт асуух нь зохисгүй хэрэг" гэв.

Үргэлжлүүлэн "Тэнүүн-Огоо" компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат "Дунд оврын автобус буюу 18 хүний суудалтай нийтийн тээврийг оруулж ирсэн. Гэвч гааль болон онцгой татварын журамд 22 болон түүнээс дээш суудалтай автобусыг чөлөөлнө гэж заасан байдаг.

Анх нийслэлтэй байгуулсан гэрээнд манай компани гаалийн татвар төлнө гэж заагаагүй тул нийслэлийн татвараас гааль болон бусад зардлыг төлсөн. Гэхдээ Т.Доржханд гишүүний хэлж байгаа шиг 10.2 тэрбум төгрөг биш 1.7 тэрбум төгрөгийн гаалийн татварыг төлсөн" гэж ярилаа. 

Мөн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "Наймдугаар сарын 23-нд хийсэн гэрээний дагуу дунд оврын буюу 18 хүний суудалтай автобусыг БНСУ-аас оруулж ирсэн. Миний бие өнгөрсөн оны аравдугаар сард ажилдаа томилогдоод Засаг даргаас үүрэг болгосны дагуу Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас тодруулахад татвар төлөгдөөгүй байна гэж хариу өгсөн.

Үндсэн гэрээнд 18 хүний суудалтай автобусыг оруулж ирэхдээ татвар төлөх заалт нь ороогүй. "Тэнүүн-Огоо" компанийнхан анх оруулж ирэхдээ худал мэдүүлэг өгснөөс болж ГЕГ болон цагдаагаас энэ асуудлыг хоёр сарын турш шалгасан хэдий ч гэрээний заалтын дагуу татвар төлөх үүрэг нь байгаагүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөл энэ асуудлаар хэлэлцээд үйлчилгээнд орох ёстой нийтийн тээврийн татварыг тухайн аж ахуйн нэгж төлөх үүрэггүй бол нийслэлийн зүгээс төлье гэж шийдээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төлбөрийг бүрэн барагдуулсан.

Үнийн зөрүүгээс болоод 50 автобус биш 48-ыг нь авсан. Бид авсан автобусаа нэгдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан. Хэдийгээр хөдөлгүүр болон бусад эд ангиуд нь үйлдвэрээс заасан хэлбэрээр гарсан ч нэмэлтээр хүйтний улиралд халаах систем, дэлгэц болон камерын ажиллагаа бүрэн биш гэдэг үндэслэлээр татаж авсан.

Ингээд дутуу ажлаа гүйцээхийг "Тэнүүн-Огоо" компанид удаа дараа шаардлага тавьсны эцэст өнгөрсөн гуравдугаар сараас 25 автобусыг хүлээн авч, үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цаана нь үлдсэн 25 автобус нь нэмэлт нөхцөлөө хангаагүй тул "Тэнүүн-Огоо" компанийн зогсоолд байрлаж байна" хэмээн хариуллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.64.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.