Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг хэрэгжүүлнэ
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус төслийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Сансрын бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, төслийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг хариуцан хянаж ажиллах чиг үүрэг бүхий Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хариуцуулах, төслийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгалаа.
Хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн зөвхөн шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим сургалтад хамрагдах боломж олгоно үзэж байна.
Улсын хэмжээнд аймаг, сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.
“Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллана
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн биелэлтийг хангах зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд нөхөх олговор хэлбэрээр ашиглах үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны санг бүрдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх, Сэлбэ дэд төв орчмыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдэд хууль, тогтоомжийн дагуу нөхөх олговор болгон өмчлүүлэх хэлбэрээр газар чөлөөлөлтийн ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гэр хорооллын суурьшлын бүсэд зургаан дэд төвийн инженерийн дэд бүтцийн хангамж, нэн шаардлагатай зарим барилга байгууламжийг барьж байна. Нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээний ажил 100 хувь хийгдэж барилгажуулах ажил үргэлжилж байна.
Инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдсэн Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбар газрыг чөлөөлж 12000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1503 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөр газар эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, 1238 нэгж талбарын газрыг бүрэн чөлөөлөн, 1235 нэгж талбарт нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр бүрэн олгосон. Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагааг газар чөлөөлөлт хийгдсэн 13 га талбайд зарлаж, үнэлгээ хийх ажил явагдаж байна.
Товч мэдээ
· Бүсчилсэн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор боловсруулж, батлуулсан татварын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдсан татварын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
· УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахална
-
Өчигдөр 12 цаг 01 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 01 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин