ТХЗДХ: Ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов
З.Батхуяг
Үйл явдал
/
Уржигдар 20 цаг 51 мин

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо өнөөдөр (2025.06.10) гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр 12 цаг 26 минутад эхэлж, Ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Байнгын хороонд мэдээлэл танилцуулсан юм.

Тогтвортой хөгжлийн зорилгын 1 дүгээр зорилт болох “Ядуурлыг устгах” зорилгын хүрээнд нийт 7 зорилтыг дэвшүүлж, 14 шалгуур үзүүлэлтээр хэрэгжилтийг хэмжиж байгааг сайд дурдав. “2030 он гэхэд өдөрт 1.25 ам.доллароос бага орлоготой гэж одоогоор тооцогдож буй хүмүүсийн туйлын ядуурлыг арилгах” зорилт 1.1 хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эхлээд танилцууллаа. Ядуурлын түвшинг олон улсын түвшинд болон үндэсний хэмжээнд гэж хоёр янзаар тодорхойлж байгаа аж. Бага орлоготой орнуудын хувьд нэг хүний өдрийн хэрэглээ нь 2.15 ам.доллароос бага бол, дундаж орлоготой орнуудын хувьд нэг хүний өдрийн хэрэглээ нь 3.65 ам.доллароос бага бол, өндөр орлоготой орнуудын тухайд нэг хүний өдрийн хэрэглээ нь 6.85 ам.доллароос бага бол туйлын ядуу хэмээн тооцдог байна. 2022 оны байдлаар Монгол Улс дундаж орлоготой улсын тоонд багтаж байгаа бөгөөд Дэлхийн банкнаас хийсэн тооцооллоор хүний амын 2.4 хувь нь өдөрт 3.65 ам.доллароос бага орлоготой байгаа гэжээ.

Тогтвортой хөгжлийн 1 дүгээр зорилгын 1.2 зорилтын хүрээнд “2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн хувийн жинг наад зах нь хоёр дахин бууруулах” хэмээсэн. Үндэсний хэмжээнд ядуурлыг тооцохдоо ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа хүн амын эзлэх хувиар буюу орлого, хэрэглээн дээр үндэслэн Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг 2 жил тутам хийж, ядуурлын дүр төрхийн тайланг гаргадаг байна. Иймд өнөөдрийн хуралдаанд 2022 оны тоо баримтыг танилцуулж буйг Л.Энх-Амгалан сайд тодотгов. Монгол Улсын ядуурлын түвшин 2022 онд 27.1 хувь буюу 913 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байжээ. Хөдөө орон нутгийн хүн амын 35.5 хувь нь ядуурлын шугамаас бага хэрэглээтэй байгаа бол хот суурин газарт 23.0 хувьтай байгаа аж. Үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай эмэгтэйчүүдийн эзлэх хувь 27.02, эрэгтэйчүүдийн эзлэх хувь 27.27, хүн амын насны бүлгээр авч үзвэл 0-18 насны хүүхэд 32 хувь, 60-аас дээш насны бүлэг 18.4 хувь байгаа гэлээ.

Хүний хөгжлийн тайланд 2018 оноос эхлэн олон хэмжээст ядуурлын тайланг гаргаж эхэлжээ. Монгол Улсын олон хэмжээст ядуурлын тооцоонд ашигласан хамгийн сүүлийн, олон нийтэд ил болсон судалгааны өгөгдөл нь 2018 оны тооцоолол байгаа бөгөөд  энэ тооцооллын дагуу Монгол Улсад хүн амын 7.3 хувь буюу 2021 онд 243 мянган хүн олон хэмжигдэхүүнт ядууралд өртсөн гэжээ. Л.Энх-Амгалан сайд “олон хэмжээст ядуурал” хэмээн ойлголтын талаар тодотгон тайлбарлаад, үндэсний хэмжээнд энэ төрлийн шалгуураа нарийвчлах шаардлагыг дурдсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Үндэсний статистикийн хороотой хамтран дээрх чиглэлээр их өгөгдлийн платформыг хөгжүүлж байгаа бөгөөд үр дүнд нь маш тодорхой нарийвчлал бүхий мэдээлэлтэй болж, зөв “онош” тогтоох нөхцөл бүрдэнэ хэмээн сайд хэлсэн.

Тогтвортой хөгжлийн 1 дүгээр зорилгын 1.3 зорилтын хүрээнд “Үндэсний онцлогт тохирсон нийгэм хамгааллын тогтолцоо, бүх хүнд зориулсан нийгэм хамгааллын арга хэмжээ, түүний дотор нийгэм хамгааллын үндсэн үйлчилгээг нэвтрүүлж, түүнд ядуу, эмзэг бүлгийн дийлэнх хэсгийг 2030 он гэхэд хамруулах” гэж заасан. Энэ зорилтыг хэмжихдээ нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамрагдаж байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажилгүйчүүд, жирэмсэн эх, ахмад настныг тухайн бүлгийн хүн амд харьцуулж тооцдог. Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн болохыг Л.Энх-Амгалан сайд дурдаад “Энэ хүрээнд нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэлүүдийг хийх болно. 2022, 2023 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулийн дагуу тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлдэг болсон. Тэтгэврийн зөрүүг үүсгэхгүй байх зорилгоор цалин хөлсөнд хэрэглэх итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтоож байна, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч нас барвал түүний олон жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн тэтгэврийн хэмжээг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ажлын байраа хадгалсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчдод үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээг нэмэх, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажлын байрнаас хамааран ялгаатай төлөх, илүү ажилласан жил тутам тэтгэвэр бодох хувийг нэмэгдүүлэх зэрэг даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчилсан” гэлээ. Түүнчлэн өргөн мэдүүлэх төслүүдэд ч энэ төрлийн олон арга хэмжээг тусгаад байгааг дурдсан.

Үргэлжлүүлэн сайд халамжийн үйлчилгээний хүртээмжийн талаар мэдээлэл танилцууллаа. Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоонд тулгамдаж байгаа гол асуудлын нэг нь халамжийн хамрах хүрээ хэт өргөн, ядуу, зорилтот бүлэг дээр чиглэгдэж чадаагүй явдал хэмээгээд энэ оны байдлаар улсын төсвөөс 2.2-2.4 их наяд төгрөгийг халамжийн зардал болгон хуваарилсан. Үүний 1.7 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө учраас халамж хүртэх шаардлагатай зорилтот бүлгүүдэд 600-700 тэрбум төгрөгийн зардал бодитойгоор хүрч байгаа эсэх дээр нягт тооцоолол хийж, бодлогоо оновчлох шаардлагын талаар хэлж байв.

Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоонд тулгамдаж буй гол асуудлын нэг нь халамжийн хамрах хүрээ хэт өргөн ядуу зорилтот бүлэгт чиглээгүй явдал хэмээгээд нийгмийн халамжийн нийт зардлын 55 орчим хувь нь амьжиргааны түвшин доогуур байдаг хүн амын 40 хувьд, харин халамжийн зардлын 26 хувь нь орлого өндөртэй хэсгийн 40 хувьд зарцуулагдсан байна. 

Тус яам нь нийгмийн халамжийн ядууралд нөлөөлөх нөлөөллийг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагах хуулиудын төслийн хамт боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх аж. Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд өрх, иргэний бие даан амьдрах чадавхыг дээшлүүлэх энэхүү “Төгсөлтийн аргачлал”-ын хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр шинээр тусгасан. Мөн зорилтот өрхийн хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээлийн дэмжлэг үзүүлж, хүн капиталд хөрөнгө оруулах, үе дамжсан ядуурлаас сэргийлэх зорилгоор шинээр дэмжлэг үйлчилгээ үзүүлэхээр заасан байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр байгаа нэг шалтгаан нь зуд зэрэг гэнэтийн аюулд үзэгдлийн нөлөө өндөр байна. Иймд гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлийн сөрөг нөлөөг бууруулах, цочролд өртсөн иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын хариу арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд нийгмийн халамжийн тэтгэмж, үйлчилгээний төрлүүдийг оновчтой тогтоон зарим хөнгөлөлт, тусламжийг нэгтгэн багцалснаар өрх, иргэнд олгогдож байсан тэтгэмж, үйлчилгээний давхардал арилж, халамжийн туслалцаа хамгийн их шаардлагатай зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө хуваарилагдах, тэдний амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой болно хэмээн Л.Энх-Амгалан сайд танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсын нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцооны алдааг засах эрх зүйн шинэчлэлүүдийг хийхээр зорьсноо тайлбарлаж байв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд үргэлжлүүлэн тууштай, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлт болон бүх нийтийн бүрэн, бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 8 зорилго, 2 дэд зорилтыг дэвшүүлж, нийт 23 шалгуур үзүүлэлтээр хэрэгжилтийг хэмжиж ирсэн болохоо танилцууллаа. 2024 онд энэхүү шалгуур үзүүлэлтийн аргачлалыг шинэчилж 59 үзүүлэлтээр өргөтгөсөн байна. ОУХБ-ын Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалын дөрвөн тулгуур нь ажлын байр, бизнесийг дэмжих, хөдөлмөрийн хүрээнд хүний эрхийг баталгаажуулах, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, нийгмийн түншлэлийг дэмжихэд чиглэдэг. Засгийн газраас 2023 онд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулсан. Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн бодлогууд нь хөдөлмөрийн зах зээлээсээ нэлээн гажуудсан хэмээн сайд тодотгоод “Ийм учраас бид хөгжиж байгаа бусад улс орны жишгээр хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлого буюу зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байр гэдэг ойлголтуудыг бий болгох ёстой гэж харж байна. Манай тогтолцоо хоцрогдсон гэж хэлж болно. Системийн анализ хийхэд манай хөдөлмөр халамжийн байгууллагуудын 70-80 хувь нь захиргааны ажил хийдэг юм билээ. Бодлогын хэрэгжилтийг хангаж, үйлчилгээ үзүүлдэг нь 20-30 хувийг эзэлж байна. Иймээс тогтолцооны шинэчлэл хийж, зохистой түвшинд хүргэх зайлшгүй шаардлага үүссэн” гэлээ.  

Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг үзүүлэх “Job center” төвийн үйл ажиллагааг 2024 онд эхлүүлж, цаашид улсын хэмжээнд тархаан байршуулахын сацуу хүн амын бүлэг, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар төрөлжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нийгмийн хамгаалал, нийгмийн халамж зэрэг бусад төрийн үйлчилгээтэй хослон зохион байгуулж “Job Center Plus” төв болгон өргөтгөн хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа танилцууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Дэд хорооны гишүүд асуулт асууж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Эдийн засаг, хөгжлийн яам, Үндэсний статистикийн хорооны холбогдох удирдлагуудаас хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд хүүхдийн мөнгө олголтыг оновчлох, бага орлоготой өрхийн насанд хүрэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүнгийн талаар, хорооны нийгмийн ажилтнуудын ачааллын талаар тодруулсан. Өрхийн орлогоос үл хамааран “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламж, “Насны хишиг” тэтгэмж, Хүүхдийн мөнгөн тэтгэмж зэргээр халамжийг хавтгайруулан олгодог болсныг цэгцлэх шаардлагатай хэмээн Л.Энх-Амгалан сайд хариуллаа. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн судалгааны дүнд хамгийн багадаа нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох нь зохистой гэдэг зөвлөмж гарсан гэлээ. Нөгөө талаас хүүхдэд олгож буй мөнгөн тэтгэмжийн 30 орчим хувь нь банкны хадгаламж болон шилждэг тооцоо байгааг дурдсан. Улмаар салбарын яам өнөөгийн байдлаар нэг хүүхдийг өсгөхөд шаардлагатай зардлыг тооцож гаргаад үүндээ үндэслэн өрхийн орлогыг хүүхдийн тоотой харьцуулж, нийт хүүхдийн хэдэн хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тооцооллыг гаргах нь оновчтой хэмээн үзэж байгаа хэмээн ажлын хэсгээс тайлбарлаж байв. Үүний зэрэгцээ хүүхдийн мөнгөн тэтгэмж нь амьжиргааны зардал уу, хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалт уу гэдгийг тодорхойлох шаардлагатай гээд өнөөдрийн байдлаар Монгол Улс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлж, хүүхэд бүрд олгодог болохыг тодотгож байсан.

Улсын хэмжээнд хүнсний талон авдаг өрхүүдээс 1200 орчмыг сонгон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр өрхүүд өнгөрсөн сард төв талбайд үзэсгэлэн худалдаа дэлгэж, туршлагаасаа хуваалцсан болохыг дурдав. Энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа сайд хэлсэн. Нийгмийн ажилтнуудын ачааллын талаарх асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Сум, хороо бүрд нэг нийгмийн ажилтан, төвлөрөл ихтэй хороодод 2 нийгмийн ажилтан байдаг. 10 мянгаас дээш хүн амтай зарим суманд 2 нийгмийн ажилтан ажилладаг. Улсын хэмжээнд 560 орчим нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Монгол Улсын халамж хүртэгчдийн тоо маш өндөр учраас нийгмийн ажилтнуудын ачаалал өндөр байдаг. Харин төрийн үйлчилгээний цахимжилттай холбоотойгоор нийгмийн ажилтны ачаалал харьцангуйгаар буураад байна” гэв.

О.Батнайрамдал гишүүн ипотекийн зээлийн хүртээмж, зорилтот бүлэгтээ бодит дэмжлэг болж байгаа эсэхийг тодруулсан. Үндэсний баялгийн санд хуримтлагдсан хөрөнгөөс 496 тэрбум төгрөгийг 2024 онд ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмсэн бөгөөд нийтдээ 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэртэй болсон. Жилд 5000-6000 өрх 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж байсан бол эх үүсвэр нэмэгдсэнээр 11000-12000 өрх хамрагддаг болж хүртээмж нэмэгдсэн гэдэг хариултыг Л.Энх-Амгалан сайд өгсөн. Гэхдээ бодлогын оновчлол хийж, зорилтот бүлэгт олгох асуудлыг нягталсны үндсэн дээр Ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулснаа өргөн мэдүүлэхээр зэхэж байгаагаа мэдээллээ. Энэ жилийн хувьд нүүрсний экспортын асуудлаас үүдэн Үндэсний баялгийн сангийн хуримтлал төвлөрөөгүй байгаа талаар дурдаад эрсдэлийн талаар байр сууриа илэрхийлж, ипотекийн зээл олгодог төрөлжсөн банкуудыг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн. Цаашид иргэдийн ногдол ашгийн хуримтлал дээр тулгуурласан бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн болохоо хариултдаа дурдсан юм. Үргэлжлүүлэн тэрбээр энэ төрлийн зээлийн эрэлт, зах зээлийн нөхцөл байдал, үүнтэй уялдуулан хэрэгжүүлэх бодлогын хувилбаруудын талаар мэдээлэл өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай иргэдийн амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн талаарх тоо баримтуудтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, бодлогын түвшинд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулан хариулт авсан. Монгол Улс ажиллах хүчний дутагдалд орсон, хөдөлмөрийн хөлсийг оновчлох, олон улсын дунджаар цалин хөлс өндөртэй ажлын байруудыг дотооддоо нэмэгдүүлэх шаардлагууд бий хэмээн Л.Энх-Амгалан сайд хариулаад Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төслүүд энэ чиглэлд эерэг үр дүн үзүүлнэ гэдэг хариултыг өгсөн. Ажиллах хүчний гадагшлах урсгалыг зогсоохын тулд нэг хүнд ногдох байгаа ДНБ 10 мянган ам.долларт хүргэх шаардлагатай гэдэг тооцооллыг олон улсын байгууллагууд гаргасан бөгөөд ингэж чадвал 1 хүний цагийн хөдөлмөрийн хөлс 5-8 ам.доллар, сарын цалин нь 1000 ам.долларт хүрч асуудал шийдэгдэх боломжтой байдаг хэмээх хариултыг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүн эгнээнд эрэмбэлэн хэрэгжүүлэх нь чухлыг тайлбарлаад боловсролын салбарыг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангасан мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан. Гишүүний хэлж буй байр суурьтай санал нэг байгаагаа Л.Энх-Амгалан сайд хэлээд боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, салбар хоорондын уялдааг хангах шаардлагын талаар хэлж байсан.

Монгол Улс 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангасан эсэх талаараа тайлан гаргана гэдгийг Дэд хорооны дарга Б.Мөнхсоёл сануулаад шалгуур үзүүлэлтийн дагуу үр дүнгээ үнэлэх гэхээр ойлгомжгүй байгаа талаар байр сууриа илэрхийлээд яамдаас ядуурлыг бууруулах, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих бодлогын үр дүнгийн талаар тодруулсан.  Засгийн газар хүний хөгжлийн индексийг 10 байраар ахиулах зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Л.Энх-Амгалан сайд дурдаад НҮБ-д хүргүүлдэг хүний хөгжлийн индексийн тайланг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хэлэлцэж байх саналыг гаргаж байв.

Улс орны эдийн засаг өндөр өсөлттэй байсны үндсэн дээр ядуурал буурч, улмаар устдаг зүй тогтлын дагуу Монгол Улс ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэхээр зорих, улмаар ядуурлыг тодорхойлох ойлголт, аргачлалаа олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байгаа хэмээн сайд хариулсан.

Засгийн газар 2024-2028 онд ядуурлыг 2 дахин бууруулах зорилт тавьж, 2026 ондоо 5 пунктээр бууруулахаар төлөвлөснийг Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтан дурдаад энэ дагуу хөгжлийн бодлого төлөвлөлтөд төлөвлөгөөнүүдийг тусгаж, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгааг хэлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон 149 төсөл, хөтөлбөрүүдэд нэгбүрчлэн дүн шинжилгээ хийж тооцоход орон нутагт хэрэгжих 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр нь ядуурлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх тооцоо гаргасан болохыг хэлэв. Мөн ойрын үед “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран бүс нутгийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа мэдээллээ. Дэлхий даяар, манай бүс нутагт, тэр дундаа манай улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоцрогдолтой явж байгаа учраас бүсийн чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байгаа гэв. Энэ үеэр шийдлүүдийн талаар зөвшилцөх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа гэлээ.

Ийнхүү Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Байнгын хороонд мэдээлэлтэй холбогдуулан Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд төсвийн зохих хувийг энэ чиглэлээр хуваарилах хууль тогтоомж гаргах байдлаар шийдвэрлэх санал хэлж байв.

Дэд хорооны дарга Б.Мөнхсоёл төсвийн хуваарилалтыг оновчтой болгох чиглэлээр авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар саналаа хэлсэн юм. Үүгээр   ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсож, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өндөрлөлөө 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.