ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ элэгээр нь хэвтүүлсэн ПАРАЗИТУУД...
З.Батхуяг
Нийтлэл
/
8 цаг 11 мин

Муу л бол хойд захын хар овоохой гэх хэлц Монголчуудын дунд түгээмэл хэлэгддэг. Түүн лугаа муу л бол ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР луу шүлсээ үсчүүлж, нусаа гойжуулж байдаг хэд хэдэн ЭРХ МЭДЭЛТЭН Монгол төрд бий болчихлоо.

Арай гэж арга ядарч, амьдарч байгаа Эрчим хүчний салбарыг Эрчим хүчний яам, “Эрчис Монгол” компани, “Эрчим хүчний үндэсний хороо”, “Эрчим хүчний зохицуулах хороо”, “Эрчим хүчний тухай хуулийн баг” гээд дөрвөн субьект удирдаж, нөлөөллөө ахиулсаар байгаад “ДЦС-3”-ийн амыг барьж, галыг таслав.

Дулааны гуравдугаар цахилгаан станцад гарсан ослоос үүдэн нэг инженер харамсалтайгаар амь насаа алдсан бол түүнээс л илүү хор хөнөөл нь ирэх өвөл Улаанбаатар хот баруун хойд хэсэг дулааны чадлын дутагдалд орж ХӨЛДӨХ ЭРСДЭЛ.

Ийм хэмжээнд хүргэж, гал алдуулсан эрхмүүд бол энэ салбарыг үеийн үед удирдаж байсан сайдууд, энэ салбарт хэлхээ хамааралтай бизнесийнхэн. Өөд нь татъя, нэмж сэлбэе, шинэ эх үүсвэр байгуулъя гэхээр санаатайгаар гацааж, өөр зовлон ярьж, явахгүй пи-ар хийж хорлосон хүмүүс нь УЛСТӨРЧИД. Тэгсэн хэрнээ “тусгаар улс байж гаднаас галаа зээлдэг” гэж өөрсдийгөө доош хийдэг.

Амь тавьж, яаралтай тусламжийн орон дээр хэвтэж буй энэ салбарт эрс шинэчлэл хийнэ гэж ПОПОРЧ ГАРЧ ИРСЭН Шадар сайд, “Эрчим хүчний реформын үндэсний хороо”-ны дарга Т.Доржханд “Би энэ шинэчлэлийг хийж чадахгүй бол УЛСТӨРӨӨС ЯВНА” гэж байв. Одоо түүний улсад хор учруулж, дахин гай тарилгүй, ор мөргүй алга болох цаг ирж. Үүнээс гадна Улаанбаатар хотын хаана л онгорхой цоорхой газар байна тэр болгоныг МӨНГӨӨР ЗОДОЖ авчихаад бетонон ширэнгэ болгодог БАРИЛГЫН МАГНАТ Б.ЧОЙЖИЛСҮРЭН сайд 2022 оны наймдугаар сараас хойш энэ салбарыг удирдахдаа олигтой шинэчлэл, шинэ төсөл юу ч хийсэнгүй.

Ядаж байхад ЯЛАА гэгчээр Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилнэ гээд М.ЭНХЦЭЦЭГ гишүүн тэргүүтэй хэсэг гишүүд сүртэй лобби, мэдэгдэл хийж Эрчим хүчний салбар элэгээрээ хэвтчихлээ хэмээн хэвлэлээр ПОПОРЧ ГАРЧ ИРЭВ.

Тэд сайндаа ч биш. Тогны ҮНЭ НЭМЭГДСЭН УЧРААС “татвараа авахаар” ийнхүү гарч ирж байгаа нь энэ. Манай улсын дулааны станцуудын насжилт 36-61 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 33-63 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссаныг одоо хэнээс ч нуух хэрэггүй. Монгол улсын хэмжээнд 778,300 айл өрх цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа. 2025 оны 6 дугаар сарын 2-3 нд шилжих шөнө ДЦС-3 -ын Өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1200-1500 тн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын Академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байгааг хотын захиргаанаас онцлов.

Харин үүнд Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН дараах тайлбарыг өгөв. Тэрээр “Би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэтэл Засгийн газраас Эрчим хүчний салбарыг “ЭРЧИС МОНГОЛ” компани руу шилжүүлсэн. Дулааны станцад гарсан ослыг хэн хариуцах нь одоо ч тодорхойгүй. Хүний амь эрсэдсэн учраас үүнд эрүүгийн хариуцлага яригдах нь тодорхой. Манай салбар яг одоо ДӨРВӨН ТОЛГОЙТОЙ бочлихсон” гэв.

Иймэрхүү яриагаар ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР дахь ЭМЗЭГ АСУУДАЛ нам дарагдав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.