Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ВАН-И-гийн хамт МОД ТАРИЛАА
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 8 мин

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийхийн сацуу Ва-И сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учрал нарт бараалхлаа.

Хэлэлцээний үеэр Монгол, Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тухайлбал, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоо, нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн харилцан итгэлцлийг улам гүнзгийрүүлэхийн ач холбогдлын талаар ярилцлаа.

Хоёр улс бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт үл оролцох зарчим болон өөрсдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ дахин нотоллоо. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, уул уурхайн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, боомтын хүчин чадлыг сайжруулах, газрын тос, эрчим хүч, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн явцыг эрчимжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Хятадын тал Монгол Улстай “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Түүнчлэн баруун аймгуудад гарч буй шүлхий өвчинтэй холбоотойгоор вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдээлэв. Мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа талууд нотоллоо.

Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл, хамтын ажиллагааны бэлгэдэл болгон дурсгалын мод хамтран тарилаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.