
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.14) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 10 цаг 36 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд даргаллаа. Эхлээд Засгийн газар 2025 оны 4 дүгээр 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан хуралдаанд танилцууллаа.
Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их Хурал 6 дугаар сарын 01-ний дотор батална” гэж тус тус заасны дагуу төслийг боловсруулсан гэв. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн тус төслийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудын шаардлагад нийцүүлэн болохыг тодотгосон. Мөн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-үүдийг Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлттэй уялдуулжээ.
Дунд хугацаанд макро эдийн засаг харьцангуй тогтвортой байх боломж өндөр байгаа хэдий ч дэлхий дахинд үүсээд байгаа тодорхой бус байдлын нөлөөгөөр нүүрс, зэс зэрэг манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байгаа гэлээ. 2024 онд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах үед уул уурхайн гол бараа, бүтээгдэхүүний үнэ унах эрсдэлийг тооцсон бөгөөд сөрөг нөлөөллийг харьцангуй бага байлгах хүрээнд хил, гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, цаашилбал экспортыг төрөлжүүлэх тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг дурдсан.
Засгийн газар түүхий эдийн үнийн эрсдэлээс гадна ган, зуд зэрэг байгаль, цаг уурын эрсдэл, нийлүүлэлтийн гаралтай инфляцын шок үүсэх эрсдэл, эрчим хүчний хязгаарлагдмал байдал, хилийн боомтууд дээр тээвэр логистикийн саатал бий болох зэрэг эрсдэлийн боломжит нөлөөллийн талаар тооцон эрсдэл тохиолдох үеийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байгааг Шадар сайд танилцуулсан.
2025 онд гадаад эрсдэлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байгааг тэмдэглээд нүүрсний үнэ энэ оны I улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байгааг танилцуулсан. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байгаа аж. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэйг онцоллоо. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар том төслүүдийг оновчтой, үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах боломжтой хэмээн Засгийн газар үзэж буйг тэмдэглэв.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэх аж.
Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэж байгааг Шадар сайд танилцууллаа.
2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, бүтээмжтэй хандлагаар эрчимжүүлэх юм байна.
Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулах боломжтой хэмээн тооцсон байна.
Геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Үндэсний баялгийн санг арвижуулах цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд тусгасан төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр хөдөө, орон нутгийн инженерийн дэд бүтцийн шийдэл бүхий орон сууцанд хамрагдсан өрхийг 5,683-т, орон нутгийн хөгжлийн индексийг 0.569-д хүргэнэ хэмээн тооцсон байна.
Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Энэ чиглэлээр төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр ажиллах хүчний оролцооны түвшин 63.0 хувьд, PISA олон улсын үнэлгээний эрэмбэ 52-т хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурах боломжтой хэмээн Шадар сайд танилцууллаа.
Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоохоор төлөвлөсөн ба үүний үр дүнд эдийн засгийн өсөлт 6.0 хувь, инфляц 7.0 хувьтай, хүлээн авах жуулчдын тоог 1.6 сая болно хэмээн тооцоолжээ.
Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох юм байна. Энэ бодлогын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт 103-т, авлигын индекс 112-т, шүүхийн индекс 57-д, шударга байдлын үнэлгээ 77-д хүрэх боломжтой хэмээн тооцжээ.
Бодлогын тэргүүлэх дөрвөн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8.090 ам.долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна хэмээн төсөл санаачлагч тооцсоныг Шадар сайд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн талаарх Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Л.Соронзонболд, Э.Батшугар, Ж.Ганбаатар, П.Сайнзориг, Р.Батболд, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Жаргалан нар асуулт асууж, Шадар сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Тухайлбал, боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилт, арга хэмжээний талаар гишүүд тодруулж байв. Төслөөр боловсролын салбарт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй 39 төсөл, хөтөлбөр хэрэгжих юм байна. 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанар, хүртээмж дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөж, 108 сургууль, 95 цэцэрлэгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэв. Үүний 32 нь тухайн ондоо ашиглалтад орохоор төлөвлөөд байгаа гэдэг хариултыг Шадар сайд өгсөн. Дотоодын болон олон улсын их дээд сургуулиудын хооронд кредит шилжүүлгийн тогтолцоог боловсронгуй болгож, дотоод, гадаадад докторын түвшинд суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлгийн тогтолцоо бий болгож, дэлхийн шилдэг багш, профессоруудыг Монголд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын чанар, багшийн ур чадвар, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлттэй уялдуулан үнэлгээний системийг сайжруулах зэрэг арга хэмжээг төсөлд тусгасан гэв. Төрийн албан хаагчдыг бууруулах чиглэлээрх бодлогын арга хэмжээний талаар асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө төрийн албанд цогц шинжилгээ, дахин инженерчлэл хийх бөгөөд ирэх оны эдийн засгийн эрсдэлт нөхцөлд нийцүүлэн төрийн урсгал зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэн, үүний хэмнэлтийг шинэ бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бодлого баримталж байгаа гэв. Төрийн албан хаагчдын тоог бууруулах зорилт, арга хэмжээний хүрээнд төрийн захиргааны албанаас 10 хувь, төрийн тусгай албанаас 25 хувь, төрийн үйлчилгээний алба болон улс төрийн албанаас тус бүр 9 хувиар бууруулах урьдчилсан тооцооллыг хийсэн гэлээ.
Хүртээмжтэй өсөлтийг бий болгох арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс дараах хариултыг өгсөн. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц нь ажил эрхлэлтийг дэмжих бөгөөд хөдөлмөрийн бүтээмжийг 61-65 хувь нэмэгдүүлэх зорилтыг тусгасан, Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ чухал гэв. Мөн “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Миний сонголт орон нутаг”, “Миний амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150,000 айлын орон сууцыг нийслэл болон хөдөө орон нутагт хүртээмжтэйгээр байгуулахаар тусгасан бөгөөд эдгээрийг Монголын аж ахуйн нэгжүүд, монгол хүнээр гүйцэтгүүлснээр хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс нэмэгдэнэ гэж үзсэн байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрхийн жижиг, бичил бизнесийг дэмжих, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэлээрх бодлогын арга хэмжээний талаар бол Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар асууж, ажлын хэсгээс хариулт авсан. жилийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан. Дараа нь хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайланг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц танилцуулахдаа эхлээд ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 28 хууль, 58 дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулан ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо 11 салбарын 6930 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байгаа аж.
Санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгийн дүн тайлант онд ДНБ-ий 26.5 хувьд хүрсэн. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13.0 их наяд төгрөгт хүрсэн байна. Нээлттэй хөрөнгийн бирж дээр 1.5 их наяд төгрөгийн санхүүгийн хэрэгслийн арилжаа явагдсан бөгөөд компанийн бонд 913 тэрбум төгрөг, хувьцаа 358 тэрбум төгрөг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 206 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх 100 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байна. Нийт хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа бүтээгдэхүүний 50 гаруй хувь нь компанийн бонд байгаа бөгөөд хөрөнгийн зах зээл дээрх чухал бүтээгдэхүүн болоод байгааг онцолж байсан.
Монгол Улсад 2021 оноос биржийн бус зах зээл буюу хөрөнгийн зах зээл үнэт цаасны арилжаа эрхлэх хоёр дахь платформ ажиллаж эхэлсэн. Зөвхөн мэргэжлийнхэн оролцдог арилжаанд 2024 онд нийт 95 компани 131 бүтээгдэхүүн гаргаж 1.6-нд их наяд төгрөгийн арилжаа хийгджээ. Мөн ам.долларын бондын арилжаагаар 72 сая ам.долларын бонд бас арилжаалагдсан гэлээ. Монгол Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дээр 2 сая 598 мянган иргэн хувьцааны үнэт цаасны данстай байгаа бөгөөд тайлант онд шинээр 204 орчим мянган данс нээлгэжээ. Нийт арилжаанд оролцогчдыг 66.3 орчим хувь нь дотоодын хөрөнгө оруулагч гэв.
Даатгалын зах зээлд нийт 20 даатгалын компани, үүнээс 17 ердийн даатгалын компани, 2 урт хугацааны даатгалын компани, 1 давхар даатгалын компани, 60 даатгалын зуучлагч компани, 29 даатгалын хохирол үнэлэгч компани, 151 аудитор, 40 актуарч, 2504 даатгалын төлөөлөгч Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийн үндсэн дээр тус тус үйл ажиллагаа эрхэлж байгаа гэв. 2023-2024 оны байдлаар салбарын нийт хөрөнгийн хэмжээ 20 орчим хувиар өсжээ.
Үргэлжлүүлэн Т.Жамбаажамц дарга банк бус санхүүгийн байгууллагын салбарын талаар танилцууллаа. Нийтдээ 573 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн 69 нь финтек буюу цахим аппликэйшнээр үйл ажиллагаа явуулдаг гэлээ. Зээлийн дундаж хэмжээ 2.5 сая төгрөг бол финтек буюу цахимаар авч буй зээлийн дундаж хэмжээ 771 мянган төгрөг байгаа аж. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны байдлаар бол 5.7 их наяд төгрөг гэв. Энэ талбарын нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд өсөж байгааг тайланд дурдаад Хорооны зүгээс банк бус санхүүгийн байгууллагуудын эрсдэл даах чадвар, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын үе шаттай олон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Үргэлжлүүлэн хадгаламж зээлийн хоршооны талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар 178 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн гишүүддээ үйлчилдэг онцлогтойг дурдсан. Нийт 75252 гишүүнтэй. Үүний 50 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна. Хоршоологчдын өмчийн дүн нэлээдгүй өсөж байгаа, нийт зээлийн өрийн үлдэгдэл 258.7 тэрбум төгрөг бол хадгаламж нь 248,6 тэрбум төгрөг байгаа аж. Үргэлжлүүлэн тэрбээр үл хөдлөх эд хөрөнгө үнэт металлын ийм зохицуулалтын салбарын талаар, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн хуулийн этгээдийн бүртгэлийн талаар, 2024 онд хөрөнгийн зах зээл дээр хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулсан юм. Бондын зах зээлийг хөгжүүлэх, дотоодын бондын зах зээл дээр компаниудыг олноор гаргах, санхүүжилтийн хямд, урт хугацаатай эх үүсвэр татах чиглэлээр бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Даатгалын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн худалдан авалтууд, тендер дээр даатгалын баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо холбогдох журмыг баталж, нийтдээ 5 даатгалын компанид 22,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй баталгаа гаргажээ. Мөн эрсдэл даах чадварыг нь сайжруулах, өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, эздийн өөрийнх нь хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэлээ.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Батнайрамдал нар асуулт асууж, тайлантай холбогдуулан үг хэлсэн. Үүгээр Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дуусав.
Дараа нь Үндэсний статистикийн хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар Б.Батдаваа дарга танилцуулав. Тайлант онд нийгэм, эдийн засаг, байгаль орчны 346 багц статистик мэдээллийг тогтмол бэлтгэхийн зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, статистикийн дэд бүтэц, хүний нөөцийг бэхжүүлэх, үйл ажиллагааг өгөгдлийн шинжлэх ухаанд суурилан боловсронгуй болгох зорилтууд тавьж ажилласан байна. Энэ хүрээнд статистикийн мэдээллийн чанар, хамралтыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээллийг өргөтгөх, их өгөгдөл, орон зайн мэдээллийг статистикийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг томоохон ажлууд эхлүүлжээ.
Үндэсний статистикийн хороо 2024 онд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (ISO27001:2022) олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. Ингэснээр статистикийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагад ахиц гарчээ. Төрийн зарим байгууллагын мэдээллийн санг нэгтгэж Төрийн нэгдсэн өгөгдлийн сан (Data.nso.mn) болон Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сангийн (Metadata.nso.mn) цахим талбаруудыг ашиглалтад оруулсан байна. Эдгээр цахим талбаруудын мэдээлэлд тулгуурлан хэрэглэгчид олон хэмжээст, нарийвчлал бүхий өгөгдөл ашиглан шийдвэр гаргах, судалгаа шинжилгээ хийх өргөн боломжтой болсон гэв.
Судалгаа, шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1918-1991 он хүртэлх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн түүхэн мэдээллийг нэгтгэж Статистикийн мэдээллийн нэгдсэн санд байршуулсан байна. Статистикийн суурь мэдээллийн сангууд болох Бизнес регистрийн сан болон Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, Газарзүйн мэдээллийн санг анх удаа цогц хэлбэрээр хөгжүүлжээ. Хэрэглэгчдэд статистикийн мэдээллийг хялбар, түргэн шуурхай хүргэх хиймэл оюунд суурилсан чатботыг (MonStatGPT) Статистикийн мэдээллийн нэгдсэн санд туршилтаар нэвтрүүлжээ. Мэдээлэл цуглуулалтаас тархаалт хүртэлх алхмыг цахимжуулсан статистикийн үйлдвэрлэлийн системийн (SPS) нэвтрэлтийг нэмэгдүүлсэн байна. Дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалтыг хянах цахим хяналтын системд шилжсэн байна. Сансрын зураг ашиглан мал аж ахуйн мэдээллийг хянах, тооцох туршилт судалгааг хийж, машин сургалтын аргаар малыг ялган тоолох ажлыг эхлүүлсэн. Улмаар байгаль орчин, хөдөө аж ахуй, хүн ам, нийгмийн статистикт ашиглах боломжтой болж байгаа аж.
Өнгөрсөн онд зохион байгуулсан олон улсын түвшний арга хэмжээ болон олон нийтэд зориулсан танилцуулга, сэдэвчилсэн судалгаа, эмхэтгэлийн талаар мэдээлэл танилцуулсан. Хүн амын эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын чанар, амьдрах орчны аюулгүй байдалтай холбоотой “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”, “Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгаа”, “Цаг ашиглалтын судалгаа” зэрэг 6 түүвэр судалгааны үр дүнг боловсруулж, 7 түүвэр судалгаа зохион байгуулж, 1 тооллого явуулсныг Б.Батдаваа дарга танилцуулсан юм. Тайлант онд статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас 1 сая 21 мянган хэрэглэгч мэдээлэл авсан байна.
Монгол Улсын статистикийн системд олон улсын болон гадаад улсын байгууллагуудаас хийсэн дээрх үнэлгээ, дотоодын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулан үүний мөрөөр мэдээллийн чанар, нарийвчлал, хамрах хүрээ, бэлэн байдал, эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа танилцуулав.
Энэ онд Хүн ам, орон сууцны завсрын тооллого, Аж ахуйн нэгжийн тооллогыг бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулж, Төрийн нэгдсэн өгөгдлийн санг өргөтгөнө. Ингэснээр хүн ам, нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгааны мэдээлэл бий болж, цаашид тооллогын мэдээллийг жил бүр шинэчлэх нэгдсэн систем бий болгохоор ажиллаж байгаа гэв. Монгол Улсын үйлдвэрлэл, үйлчилгээ, нэмүү өртгийн хэрэглээ, хамаарлыг илэрхийлэх нөөц ашиглалтын судалгаа, салбар хоорондын тэнцлийг боловсруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний суурь оны тооцоог жил бүр шинэчлэх хэлхээ индексийн аргачлалд шилжих юм байна.
Мөн статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчилж, хэрэглэгчид ашиглахад хялбар болгохоор төлөвлөөд байгаа гэв. Статистик боловсруулах үйл ажиллагаанд өгөгдлийн шинжлэх ухааны арга зүйг түлхүү ашиглах, их өгөгдөл, өгөгдлийн нэгтгэл, хиймэл оюуныг статистикийн үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа гэлээ. Мөн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Б.Батдаваа дарга танилцуулсан.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Батболд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Ийнхүү Үндэсний статистикийн хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө






-
21 цаг 26 мин
-
21 цаг 37 мин
-
21 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин