
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч, Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн гишүүн Б.Жаргалангийн санаачлагаар Азийн Эмэгтэй парламентчдын бүлэг 2025 оны чуулга, уулзалтаа Монгол Улсад зохион байгуулж байна. "Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдэвт чуулганы нээлтийн хуралдаан өнөөдөр (2025.09.15) Улаанбаатар хотноо Төрийн ордонд эхэллээ. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийг хариуцсан захирал Андреас Кляйн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Өнө мөнх хөх тэнгэрийн орон Монгол Улсад морилон ирж, чуулганд оролцож буй Азийн улс орнуудын эмэгтэй парламентчдад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан талархахын зэрэгцээ амжилт хүсэв. Тэрбээр, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийг тэлэх бодлогод онцгой ач холбогдол өгөх нь улс орны ядуурлыг бууруулах, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тогтвортой байдлын үндэс юм. Гэтэл дэлхий дахинаа ядуурлын түвшинд эмэгтэйчүүдийн өртөх нь их, цалингийн ялгавартай, хөдөлмөрийн мөлжлөг элбэг, санхүүгийн мэдлэг хомс, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зээлийн барьцаа хөрөнгө бага, эдийн засгийн хувьд хараат зэрэг асуудал байсаар байна. Монгол орны хувьд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог бодитоор нэмэгдүүлэх бодлого баримталж, Улсын Их Хурлын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэх үйл ажиллагааг бүс нутагтаа анх удаа албан ёсоор 2025 оны 4 дүгээр сард эхлүүлсэн гэв.
Хамтран зохион байгуулагч Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийг хариуцсан захирал Андреас Кляйн чуулгад оролцогчдод хандан, Конрад-Аденауэрын Сан 2011 оноос эхлэн Азийн 40 гаруй эмэгтэй парламентчтай хамтран эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж, улмаар 2014 онд Сингапур Улсад Азийн Эмэгтэй Парламентчдын Бүлэг албан ёсоор байгуулагдсан. Эв санааны нэгдлийн онцгой тавцан ийнхүү бий болсон. Азийн Эмэгтэй Парламентчдын Бүлэг нь Ази тивийн хэмжээнд эмэгтэй парламентчдыг тогтмол цуглуулдаг анхны бүс нутгийн сүлжээ болсон. Эмэгтэй манлайлагчид харилцан туршлага хуваалцаж, бодлогын шинэчлэлийг хамтдаа боловсруулах боломж олгодог онцлогтой хэмээлээ.
Харин чуулганы үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан тавьсан юм. Тэрбээр Олон Улсын Ардчиллын өдрөөр Азийн улс орнуудын эмэгтэй парламентчид эх оронд минь чуулж байгаад ихэд талархаж байна гээд, энэ удаагийн уулзалт Монголын ардчиллын хувьд онцгой цаг үед тохиож байна. Учир нь бид ардчилсан хувьсгалынхаа 35 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ой нь ардчилсан институтүүдийг бий болгох, хүний үндсэн эрх, эрх чөлөө, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийн төлөөх амаргүй тэмцэл, амжилтыг байнга сануулдаг юм. Энэ тэмцэлд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог үгүйсгэх аргагүй. Цаашид бид бүтэц саад бэрхшээлийг арилгах, хэвшмэл ойлголттой тэмцэх, эмэгтэйчүүд улс төрд амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатай. Улс төрийн манлайллыг бий болгохын тулд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд бэхжүүлэх нь зайлшгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Энэхүү чуулга уулзалтыг бид жендэрийн тэгш байдал, эдийн засгийн чадавхжуулалтад үзүүлэх тууштай байдлаа бататгах боломж болгон ашиглая. Бид хамтдаа илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой ирээдүйг бүтээж чадна хэмээн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер онцлов.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсээд, энэхүү чуулга уулзалт нь ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд чухал ахиц дэвшил авчрах боломжийг нээж байна. Хэлэлцэх асуудал, санаачилгууд нь онолын төдий бус, бодит өөрчлөлт, шинэчлэл, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хүчирхэг эхлэл болно гэдэгт итгэж байна гэсэн юм.
Чуулга уулзалт маргааш таван салбар хуралдаанаар үргэлжилнэ






-
2 цаг 12 мин
-
2025-09-11
-
2025-09-11