
ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уулзалтад Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар үг хэллээ. Монгол, Орос хоёр улс олон жилийн түүхэн нөхөрлөл, найрсаг харилцаа бүхий иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн.
•Сүүлийн жилүүдэд төр засгийн өндөр түвшний айлчлалууд амжилттай болж хоёр орны төрийн тэргүүн нарын худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцсон. ОХУ нь Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш бөгөөд 2025 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь харилцан ашигтай хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх бодит боломж байгааг харуулж байна.
•Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, 367 нэр төрлийн бараанд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн нь худалдааг тэлэх томоохон алхам юм. Мөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолойн төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцсан. Энэ нь бүс нутгийн тээвэр, эрчим хүч, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит боломжийг бүрдүүлж байгаа юм.
•Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 641 томоохон төсөл багтсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг бодит дэмжлэгийг тусгасан. Монгол Улсын хөгжлийн зорилго, бодлоготой уялдуулан ОХУ-ын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулах өргөн боломж бий. Иймд хоёр орны бизнес эрхлэгчдийг харилцан мэдээлэл солилцож, арилжааны гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.





