Газрын ховор элементийн хөрөнгө оруулалтын форум Сөүл хотноо боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 56 мин

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас санаачлан Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэс Монгол” нэгдэл, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамтай хамтран “Монгол Солонгосын чухал ашигт малтмал, уул уурхайн хөрөнгө оруулалтын форум-2025”-ыг 9 дүгээр сарын 22-ны өдөр Сөүл хотноо зохион байгуулав.

Форумд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Элчин сайд С.Сүхболд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй, солонгосын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний Дэд сайд И Ху Хён, ГХЯ-ны Зүүн Азийн эдийн засгийн бодлогын газар, Геологи, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн (KIGAM), Солонгосын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци (KOMIR), Самсунг Си энд Ти корпораци зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Форумд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар “Эрдэнэс Монгол” нэгдэл үндсэн илтгэл танилцуулж, чухал ашигт малтмалын хөгжлийн стратеги, хамтын ажиллагааны чиг хандлага, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн нь энэхүү арга хэмжээг хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, бизнесийн хамтын ажиллагааг уялдуулсан цогц платформ болгож чадлаа.

Арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” нэгдэл, Эрдэнэс Алт Ресурс ХХК, Хөгжлийн банк, БНСУ-ын Геологи, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, Солонгосын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац, Самсунг Си энд Ти ХК, Чонбук үндэсний их сургууль, Солонгосын хөрөнгө оруулалт, үнэт цаасны компани зэрэг байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

160 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү хөрөнгө оруулалтын форум нь хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн 2025 оны 11 дүгээр сард нээгдэх "Монгол-Солонгосын ховор металлын хамтын ажиллагааны төв”-ийн үйл ажиллагааны чиглэлийг баталгаажууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.