2 хувийн татварыг цуцлах асуудалд САНАЛ ДҮГНЭЛТ өгөх ажлын хэсгийг П.САЙНЗОРИГ гишүүн ахлана
З.Батхуяг
Үйл явдал
/
Уржигдар 09 цаг 21 мин

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн  /2025.10.01/ хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын  төслийг хэлэлцсэн. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, эсэх талаар гишүүд асуулт асууж, санал хэлэв.

 

Гишүүд орон сууц нь хүний анхдагч хэрэгцээ гэдгийг тодотгоод цаашид анх удаа байр авч буй иргэдийг татвараас чөлөөлөх, харин  арилжааны зориулалтаар 2, 3 дахь орон сууцаа авч байгаа хүмүүст татвар ногдуулах талаар судлах, гарц гаргалгаа олох, мөн жилдээ хэдийн хэрийн үнэлгээтэй үл хөдлөхийн хөрөнгийн борлуулалт хийгдэж, үүнээс улсад хэчнээн төгрөгийн орлого төвлөрдгийг илүүтэй лавлав.

 

Ажлын хэсгээс "Орон сууцыг эзэмшиж байгаа хугацаанд тухайн иргэнд ямар ч татваргүй ногдуулдаггүй, 2.0 хувийн татвараас нь бүрэн чөлөөлдөг. Гэхдээ тухайн иргэн байрандаа өөрөө амьдарсан уу, эсвэл ах дүүсдээ түрээсэлсэн үү, бүр хүнгүй байсан уу гэдгийг байраа зарах үед нь татварын байгууллага тодорхойлоход тун хүндрэлтэй байдаг" хэмээн хариулж байлаа.

Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 41149 үл хөдлөх хөрөнгө борлуулсан статистикт үзүүлэлт байдгаас 32933  нь орон сууц байсан. Мөн нийт 5.7 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө борлуулснаас 4.6 их наяд төгрөг нь орон сууцны борлуулалт эзэлдэг. Энэ хүрээнд 115.4 тэрбум төгрөгийн татвар төлөгдсөнөөс 93.7 хувийг нь орон сууцтай холбоотой татвар эзэлдэг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв. 

 

Ингээд Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжлээ.

Байнгын хорооны тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Да.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.                                                  

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.