Г.ЗАНДАНШАТАР: ЦАЛИН НЭМЭХЭЭС ГАДНА хөдөлмөрийн ШУДАРГА ҮНЭЛЭМЖИЙГ бий болгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 46 мин

“Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” сэдэвт Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн, сонгуультны улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр /2025.10.07/ боллоо.

🔹Зөвлөгөөнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид оролцож “Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллах асуудал” сэдвээр илтгэл тавьж, 2025 оны есдүгээр сарын байдлаар Комисс хууль тогтоомж, эрх зүйн актын төсөлд тусгуулахаар 124 санал өгч, нийт 1199 гомдол, мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэж, 171 хяналт шалгалт явуулсныг танилцуулав.

🔹Иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон иргэд олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 2007, 2011, 2019 онуудад хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсныг мөн онцолсон юм.

🔹Түүнчлэн цаашид дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Тухайлбал,

- Хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн зөрчлийг таслан зогсоох үүднээс хамтарсан хяналт шалгалт хийх;

- Хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах эрхийн чиглэлээр судалгаа хийх, түгээх;

- Хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн тухай хууль тогтоомжид санал өгөх;

- Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх, сургалтын хэрэглэгдэхүүн, хүний эрх хамгаалагч чиглэлээр сургалтын модуль бэлтгэх, сургагч багш бэлтгэх зэрэг болно.

🔹Энэхүү зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд нийгэм, эдийн засаг болон хөдөлмөрийн харилцааны өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шинэчлэн боловсруулахад түншлэгч талуудын оролцоог бүх түвшинд хангах, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой зохион байгуулж Засгийн газар, ажил олгогч эзэд болон МҮЭ-ийн холбооны төв, орон нутаг, салбар, анхан шатны түвшний ажилтнууд оролцлоо.

Жил бүрийн аравдугаар сарын 7-ныг дэлхий дахинаа нийгмийн түншүүд болох төр, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашдын зорилтоо тодорхойлдог байна. Энэ өдөр 21 аймаг, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны идэвхтэн, сонгуультнууд оролцсон “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” уриатай улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Сүүлийн дөрвөн жилд манай эдийн засаг дунджаар таван хувиар өсөж байгаа ч энэ өсөлт иргэн, өрх бүрийн хаалгаар орж, үр өгөөжөө бүрэн өгч байна уу, ажлын байраар хангагдаж байна уу гэдгийг хамтдаа ярилцан, гарц шийдлийг тодорхойлох ёстой суурь асуудал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Эдийн засаг, хүн амын бүтцээрээ манайхтай төстэй улс орнуудтай харьцуулахад, монголчуудын цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувь дунджаар 8-13 нэгжээр бага байна. Энэ бол хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор нэмэгдүүлэх, хөдөлмөрлөсөн хүнд шударгаар хуваарилагддаг эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагын тод илэрхийлэл.

Тиймээс Засгийн газар цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувийг тогтвортой нэмэгдүүлж, хөдөлмөрлөж буй хүн бүрийн бодит орлогыг өсгөхийн төлөө бодит алхмуудыг хийж ирсэн. Засгийн газар төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг тууштай нэмэгдүүлж байгаа. Цаашид ч анхаарна гэлээ. 2026 оны төсвөөс эхлэн ард иргэдийн татварын дарамтыг бууруулах шинэчлэлийг эхлүүлж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийн идэвхийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Цалингийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна цалин хөлсний шударга тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нь түүний хариуцлага, хувь нэмэр, хийж буй ажлын үнэ цэнтэй уялдах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцлоод, баялаг бүтээж яваа уурхайчин, монгол хүний алтан амийг аварч буй эмч, сувилагч, ирээдүйгээ хүмүүжүүлж, соён гэгээрүүлж буй багш-эдгээр мэргэжлийн хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь үнэлэх ёстой гэлээ.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах нийгмийн гурван талт түншлэлийн механизм, хамтын хэлэлцээрийг илүү үр дүнтэй болгох чиглэлээр Засгийн газар бодит алхам хийж байна. Салбар бүр цалин, хөлсний бодлого, стратегиа шинэчлэн боловсруулах, нийгмийн баталгааг хангах бодит хувилбаруудыг дотоод нөөц, боломждоо тулгуурлан судалж, Засгийн газарт танилцуулах үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, цалин, хөлсний бүтцийг илүү оновчтой болгож, бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын үр дүнгээр үнэлүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлнэ.

Анхан шатанд ачаалал ихтэй ажилладаг албан хаагчдыг бодитоор урамшуулж, шилдэг эмч, багш, сувилагч илүү өндөр цалин авдаг гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэрэгжүүлнэ гэв.

2026 онд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийслэлийн ачаалал ихтэй сургуульд ажиллаж буй болон залуу багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах замаар, салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2026 онд нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Зөв менежментээр хүний хөгжил, шударга хуваарилалтын тогтолцоо бий болгож, баялгийн хулгайтай тэмцэж, төсөв, хөрөнгийн хязгаарлалтыг бодитоор шийдэхээр зорьж байна. Ингэж байж байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж чадна гэлээ.

Ипотекийн тогтолцоог шинэчилж, “Орон сууцны банк” байгуулж, хүү багатай, урт хугацаатай, иргэнд хүртээмжтэй зээлийн шинэ тогтолцоо бүрдүүлж, эхний ээлжинд багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байна. Байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

“Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” улсын зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Нийгэм, эдийн засгийн төлөв, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрчдийн цалин хөлс, амьжиргаа, нийгмийн даатгалын тулгамдсан асуудлаар 2026 оны улсын төсөвт үйлдвэрчний эвлэлүүдээс тавьсан санал шаардлагуудыг хэрхэн тусгасан талаар болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр УИХ, Засгийн газрын бодлого, байр суурь, тулгамдаж буй сорилтуудын талаар мэдээлэл сонсож, үйлдвэрчний эвлэлүүдээс явуулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.